Мөрөөдөлтэй байя монголчууд аа
2013-03-27

 

Дайны дараахан ертөнцийг үзэх үзэл баримтлал, төрийн бодлого нь үндсээрээ дампууралд орсон Япончуудыг эргэж сэхэхээсээ өнгөрсөн гэсэн дүгнэлтийг судлаачид хийцгээж байлаа. Нийгэм эдийн засгийн байдал нь доройтож ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсан тэднийг бүсээ чангалж ирээдүй рүүгээ итгэл бардам харах тэр их хүч тэнхээг япон мөрөөдөл асаасан.

Үндэсний баялаг түүх, ёс заншил дээр суурилсан япон хүний уйгагүй, хөдөлмөрч зан араншинг сэрээсэн япон мөрөөдлийг япон хүн нэг бүр дээр сэргээх бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж эхэлсэн юм. Солонгос ч мөн ялгаагүй иргэний дайныхаа дараа хэцүүхэн л байсан. Бас л солонгос мөрөөдөл нь өнөөдөр тэднийг ази бүү хэл дэлхийн хөгжлийн тэргүүлэгчид болгосон.

Ийм мөрөөдлийг асаах зориг тэнхээ, туршлагыг америкчууд тэдэнд өгсөн. Дайны дараа америк шиг хүчирхэг гүрэн байсангүй. Дэлхийн геополитикийн бодлогыг Зөвлөлт холбоот улстай хамт тэд л тодорхойлж үлдсэн. Зөвлөлт нь өөрийн соц улсууддаа тоталитари дэглэмийн чанга гар дор хөгжин дэвжихийг сануулж байсан бол америк капиталист системийн орнууддаа хүний эрх эрх чөлөөг дээдлэсэн үндэснийхээ мөн чанарт тохирсон хөгжин дэвжих мөрөөдлийг санал болгосон.

Хоёр систем задрахад соц системийнхэн гүн хямралд автаж байхад нөгөө талд үндэснийхээ мөрөөдлийг тэргүүндээ залсан орнууд дэлхийн хөгжлийг хэдийн тодорхойлж байлаа. Өнөө ч энэ хөгжил дэвшлийн зааг ялгаа бүрэн гүйцэт гараагүй л байна. Хуучин системтэйгээ зууралдан үлдсэн Хойд Солонгос, Куба мэтийн цөөхөн орон хүний хөгжлийн түүхийн гадна үлдчихжээ.

Улс гүрнийг хөрөнгө мөнгө бус ирээдүйдээ итгэл дүүрэн ажиллаж зүтгэх ард түмнийх нь нийтлэг мөрөөдөл хөгжүүлдэг ажээ. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь өнөөдөр монголчууд бидэнд мөрөөдөл хэрэгтэй байна. Хөгжин дэвжих гэгээн сайхан Мөрөөдөл. Хоосон мөрөөдлөөр хоол хийж идэх биш гэж хэсэг нь хэлэх л байх. Гэхдээ мөрөөдөлгүйгээр ямар ч аугаа зүйл биелэлээ олж байгаагүй юм.

Дэлхийн талыг эзлэхдээ бус дэлхийд монгол үндэстнийг тэргүүлэгч болоход Онон мөрний гүн цээлд хүзүүн дэх дөнгөө урсган хэвтэж байсан Тэмүжин хүүд мөрөөдөл нь тусласан. Тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх орончдын үр удамд улсаа улс шиг болгох мөрөөдөл нь тусласан.

Мөрөөдөл гэдэг өнгөрсөн үеийнхээ өв уламжлал, зан суртахуун, үйл хэргийг сохроор магтан дуулж хийрхэлээр цээжээ дэлдэх бус ирээдүйд үрийн үрд бөмбөрцгийн хаа ч монгол хүн болсноороо бахархах хөгжин дэвжсэн улс гүрэн болохын төлөө сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж түнэр харанхуйд ганц ч гэсэн лаа асаахыг хэлнэ. Монгол мөрөөдлийн гол утга учир нь тэр л байх учиртай.

Жишээ болгосон олон орон ийм л мөрөөдлийг улс үндэстнийхээ хүн нэг бүрт асаасанд оршиж байсан юм. Америкт төрсөн хүн болгон өөрийгөө америк хүн гэж бахархах үзлээр нэвт хүмүүжсэн байдаг. Америкийн төрийн тэргүүн болгон тангараг өргөхдөө яагаад америк мөрөөдөлтэй байхыг хүн нэг бүрээсээ хүсдгийн учир энэ. Дан ганц хий яриад байхгүй. Боловсролын бүхий л шатанд чухам үүнийг л номлоно. Та гуталчин, жолооч, парламентын гишүүн, ерөнхийлөгч хэн ч байж болно.

Гагцхүү ирээдүйн Америкийн хүчирхэгийг хангагч америк мөрөөдөлтэй байх учиртай. Басхүү үр хүүхдүүдээ энэ үзэл баримтлалыг багаас нь суулгах ёстой. Ингэж хүн болгон ажил мэргэжилдээ ямагт тэргүүлэгч байхыг эрмэлзэж хэрэгжүүлж байж сайн сайхан амьдралтай болох учиртай. Энэ бололцоог нь төр засаг нь хангах учиртай. Бултаараа ийм гэгээн сайхан мөрөөдөлтэй болохоор аль ч шатандаа улайм цаймдаа гарсан авлига, луйвар бартагтаа гарахгүй.

Хүний л нийгэм болсон хойно мэр сэр үзэгдэл байна аа. Харин түүнийг нь хаасан тунгалаг, нээлттэй төрийн механизм төгс ажиллах болохоор төрийн төмөр нударгыг хатуухан шиг хүртэнэ. Ингэж гэмээн аварга гүрнүүд хөгжин дэвждэг юм байна шүү дээ.

Ардчилал тийм төгс сайн нийгмийн байгуулал биш ч гэлээ хүн төрөлхтөн түүнээс сайн тогтолцоог бодож олоогүй гэж Черчилийн үг миний эрх чөлөө чинийхээр хязгаарлагдаж, олонхийн шийдвэрээр шийдэлд хүрэх алтан зарчмын зарим нэг алдаа эндэгдэлтэй талыг хэлсэн ч байж болох.

Эртний Грекийн долоон мэргэдийн нэг Софокл хотынхныхоо гаргаж буй буруу шийдвэрийн эсрэг ганцаараа тэмцсний эцэст толгойгоо авахуулдаг шиг алдаа эндэгдэл гаралгүй яахав. Гэхдээ л бид эзгүй цөлд ганцаараа амьдарч байгаа бус хүний нийгэмд мөр зэрэгцэн амьдарч байгаа.

Ялангуяа монголчууд шиг мах цусанд нь шингэсэн мөнөөх алдарт Гумилёвын хэлсэнчлэн урт дурын хүмүүст энэ үг хамгаас их хамааралтай. Хөгжих гэж байгаа ганц нэгээрээ бус олуулаа бүүр монгол даяараа хөгжмөөр мөрөөдөл надад байна. Багаас нь хүүхдээ монгол мөрөөдөлтэй болгоё, өөрсдийнхөө сайн сайхан мөрөөдөл рүү ус цацахгүй л байя л даа. Өнгөрсөн түүхээрээ бус хийж бүтээх үйлстээ сэтгэл ханамжтай явья.

Монголчууд бид дэндүү цөөхүүлхнээ. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэгсэн дээ. Алийн болгон нэг нэг рүүгээ хар хорын муу үг чулуудаж эвдрэлцэж суухав дээ. Яагаад нөгөө хүний буруу өөрийнх нь зөв дандаа байхав. Надад ч буруу бий. Хүн хүнээ ойлгож эхлэхээс хайр энэрэл, халамж эхэлдэг шүү дээ. Дээрээ ч доороо ч ултай суурьтай биестээ хандаж байхсан.

Нэг сая долоон зуухан мянган хүнтэй Катарт 44 мянган саятан, тэрбумтан байна. Монгол мөнгөний саятан биш шүү америк мөнгөний саятан. Нефтиэрээ баялаг л юм байгаа биз. Хажууханд нь байх Кувьет, Иран, Ирак хар алтаараа түүнээс ч баян шүү дээ. Тэгээд яагаад Катар нь хөгжөөд нөгөө хэд нь үймээн самуунаараа зард гарч ард иргэд нь ядуу байгаад байна.

Улс үндэстнийхээ мөрөөдлийг Катарчууд ойлгож асааж чадаж байгаагийн л ач тус. Ийм л мөрөөдлийг асаах хүсэл эрмэлзэл монгол хүн бүрт асвал ээ дээ энэ Монгол хөгжинө дөө.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Whizkid:
Martin Luther King Jr. iin ugnees sonsoj baiga yum shig bodogdloo halit, gehdee zuv zuv
2013-03-28
kukulkan:
solongos yavahiig l moroodddog bolson humuus. tv eeree dandaa gadni drama uzuuled bai. tendee baihgui hudlaa tansag amidral.
2013-03-27
Монгол эр:
Монголчуудаа бие биенийгээ дэмжиж, нэг нэгэндээ урам хайрлаж, урдахаа өөдрөгөөр харж амьдарцгаая. Зов санаа дэвшүүлжээ.
2013-03-27
baajaa:
mash zov sanaa bna bid moroodoj zadna mon tuuniigee heregjuulj zadna
2013-03-27
sss888:
Мөрөөдөж чадсан хүн бүр түүндээ хүрдэг. Харин ихэнхи хүмүүс мөрөөдөж чаддаггүй. Тэл зүгээр л өөрсдийгөө мөрөөдөж байна гэж боддог.
2013-03-27
Irgen:
Uulan manai uls hogjuul Mongol ugsaatniig negtgehed ih huwi nemer bolj ulam l huchirheg boloh yum shde. Tow asiagaas, Orosoos, Oirhi Dornodoos, Chinagaas geed olon gazar bui mongol undestnuud maani irj ulam l olon huntei huchirheg boloh yumsanda. Ezen CHINGGIS tanii mini suns, monh hoh tenger min baidag bol ene heden darga nart oh oron ard tumnee gesen setgeliin zorig, huch hairlaach. Monh tenger minu.
2013-03-27
Ajilgui zaluu:
Nadad moroodol bnaa gevch odoohondoo sachii hurehgui l bn ghdee zaawal bieluulnee
2013-03-27
Зочин:
Бас дайны дараахи 2 Герман байлаа. Сэтгэлд гал байвал зууханд дулаан бий болно гэдэг үнэндээ.
2013-03-27
babaja:
mongol hun buhnii saihan moroodol ni turgen bielj ondor hogjiltei negdsen ih mongol uls uurd orshih boltugai
2013-03-27
зэрэглээ:
Харин тиймээ мөрөөдөлтэй амьдармаар байна
2013-03-27