Дайн зарласан долоо хоног
2013-04-01

Сүүлийн саруудад дэлхий нийтийн анхаарлын төвд байсан хоёр Солонгосын байдал улам хурцдаж Умард Солонгос дайны бэлэн байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэдэгдэл дэлхий дахиныг багагүй сандаргав. Уг асуудал зөвхөн хоёр солонгосынх биш дэлхий дахинд нөлөөлөх асуудал болчихоод байгаа нь харагдаж байна.   Бямба гаригийн өглөө Хойд Солонгос Өмнөд Солонгостой дайн зарласан тухай мэдэгдэлд “Аливаа өдөөн хатгалгын эсрэг хатуу чанга арга хэмжээ авна” гэдгээ амалсан байна. Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтанд стратегийн сөнөөгч "В-2" онгоцыг оролцуулсан нь Умардын удирдагчын бухимдлыг багагүй төрүүлсэн. Мөн хоёрдугаар сард хөөргөсөн Хойд Солонгосын гурав дахь цөмийн зэвсгийн туршилтад олон улсын зүгээс хориг тавьсан нь тус улсыг ийнхүү дайнд турхирахад хүргэлээ. Умардынхан удаан хүлээсний эцэст бид  Сөүл хот, Өмнөд Солонгосын Засгийн газрын ордон, Өмнөдөд байх Америк цэргийн баазууд  тэр бүү хэл Америкийн Гуам, Хавай арлуудыг нэгэн агшинд бөмбөгдөж газартай тэгшлэх тушаалаа авахад бэлэн боллоо. Бид зөвхөн Их Удирдагчийнхаа гал нээх тушаалыг л хүлээж байна гэв.  Тэд мөн жинхэнэ дайн гэж юу болохыг Ким Чин Ун үзүүлэх болно гэсэн байна. 1953 онд хоёр Солонгос түр эвлрэлийн гэрээ байгуулсан боловч өнөөг хүртэл Солонгосын хойгт хоёр улсын цэргийн бааз байрласаар байсан нь хоёр улсын харилцаа тайгүй хэвээр байсны илрэл байсан. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосын Тончхан-ни пуужингийн полгион дээр хөдөлгөөн ажиглагдсан нь алсын тусгалтай пуужинг турших бэлтгэл байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Өмнөд Солонгосын үзэж байгаагаар Умардын сөнөөгч онгоцууд ердөө 3-5 минутад Сөүл хотод хүрэх хүчин чадалтай ажээ.

 Сирийн сөрөг хүчин Арабын лигийн чуулганд оролцов

Катарын нийслэл Доха хотноо болсон Арабын лигийн орнуудын чуулга уулзалтад Сирийн сөрөг хүчний тэргүүн Ахмед Муаз аль-Хатиб тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны эрхтэйгээр оролцов. Олон улсын ажиглагчдын зүгээс Сирийн сөрөг хүчин Арабын лигийн орнуудын чуулга уулзалтад албан ёсны эрхтэйгээр оролцсон нь Башар аль-Ассадын эсрэг хийж буй тэдний тэмцэлд томоохон ахиц авчирсан хэмээн үнэлжээ. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын зүгээс Арабын лигийн орнуудын удирдлагуудыг сөрөг хүчний “Үндэсний эвсэл”-д чуулга уулзалтад оролцох албан ёсны эрх олгосныг эрс буруушаан, босогчдыг “дээрэмчид, алуурчид” гэж нэрлэсэн байна. Ахмед Муаз аль-Хатиб нь энэхүү чуулга уулзалтад ард түмнээ төлөөлөн оролцож байгаа. Ахмед Муаз аль-Хатиб АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригээс Сирийн хойд хэсгийн ард иргэдийг пуужингийн дайралтаас хамгаалах хамгаалалт байгуулахад туслахыг хүссэн бөгөөд  АНУ энэ хүсэлтийг нь хүлээн авч туслахаар болсон. Чуулга уулзалтын дараагаар Сирийн болон Катарын удирдлагууд уулзаж  Катарт Сирийн Элчин Сайдын Яам байгуулахаар болсон билээ.

Барак Обама Израйль улсад айлчиллаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Ойрхи Дорнодын улсуудаар хийх албан ёсны айлчлалаа эхлүүлсэн. Уг айлчлал нь түүнийг ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш хийж байгаа анхны айлчлал юм. Обамагийн айлчлал лалын ертөнцийнхний дунд нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэрбээр хатуу чанга харуул хамгаалалтын дор Израйль, Палестины нутаг дэвсгэрээр зорчсон. Албаныхны мэдээлж буйгаар Сирийн дайн, Ираны цөмийн зэвсэг, Израйль, Палестины асуудлыг айлчлалын үеэр нэн тэргүүнд хэлэлцсэн байна. Гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд ерөнхийлөгч Барак Обама Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины ерөнхийлөгч  Махмуд Аббас нартай уулзсан юм.

Си Жинпиний айлчлал ОХУ-аас эхлэв

Өнгөрсөн долоо хоногт Хятадын шинэ удирдагч Си Жинпин Мосвка хотод айлчлал хийсэн. Си Жинпин гадаад дахь анхны айлчлалаа ОХУ-аас эхэлж, тус улсын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан байна. Энэ уулзалтаар Хятад, ОХУ-ын нөхөрлөл дэлхийд стратегийн тэнцвэт байдлын талаар ярилцсан байна.

Оросын төрийн өмчит эрчим хүчний компани “Роснефть” Хятадаас зээлсэн хоёр тэрбум ам.долларын хариуд газрын тосны нийлүүлэлтээ гурав дахин нэмэгдүүлэхээ амлав. ОХУ, Хятадыг холбосон хийн хоолой байгуулах тухай гэрээний нөхцөлүүд дээр хоёр тал тохиролцоход удаан хугацаа шаардлагатай гэж ажиглагчид үздэг боловч хоёр орны төрийн тэргүүнүүд хийн хоолой байгуулах урьдчилсан яриа хэлэлцээ явуулахаар болжээ.

ОХУ дэлхийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч орон бол Хятад эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Хоёр орны гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 88 тэрбум ам.долларт хүрсэн ч энэ нь Хятад, Европын холбоо, АНУ-ын хоорондох худалдааны эргэлтийн хаана ч хүрэхгүй байгаа юм.

Ши Жинпин  ОХУ-д хийсэн айлчлалынхаа дараагаар БРИКС-ийн орнуудын уулзалтад очсон. Түүний дарааа Африкийн орнуудаар айлчилсан юм. Энэ айлчлал нь Африкийн орнуудын эдийн засаг гадаад худалдааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм байна.

 

Пап улаан өндөгний баярыг удирдав

Ромын пап Францис ламтан пүрэв гаригаас эхлэн улаан өндөгний буюу Христийн дахин амилсны баярын ажиллагаанд оролцлоо. Тэрбээр пүрэв гаригт буюу өнчин ядуу болон зовж байгаа хүмүүст энэрэл үзүүлэх өдрөөр олон хүнд энэрэл хайраа түгээсэн юм. Улаан өндөгний баяр бол Католик шашны хамгийн чухал баяр. Энэ баяраар Гэгээн Петрийн талбайд олон мянган хүн цуглаж шашны тэргүүн хүмүүсийг ерөөж, гол номлолоо дэлхийн энх тайвны төлөө хэмээн уншсан юм. Түүнчлэн энэ өдөр сүм толгойлж буй бүх хамбууд цугларч Ватиканы сүмд ард иргэдээ ерөөж, сүмийн  ариун дуу дуулдаг байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин
Monster:
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-04-01