Яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдлээ
2013-04-01

  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн хоёрдугаар станцын  гүний нэг, хоёрдугаар худгийн орчимд  мөнгөн ус алдагдлаа гэсэн мэдээлэл  өчигдөр 10 цагийн орчимд Онцгой байдлын хэлтэст утсаар ирсэн байна. Мэдээллийн дагуу аймгаас ажлын хэсэг гарч газар дээр нь очиж шалгахад нэгдүгээр худгийн гадна болон дотор талд, тус худгаас баруун тийш 100 метр зайд  байрлах хоёрдугаар  худгийн гадна  талд мөнгөн ус асгарсан байсныг тус станцын ээлжийн оператор төмөр саванд хийсэн байжээ. Үлдэгдэл мөнгөн усыг онцгой байдлын аврагчид цуглуулж  авахад нийтдээ 2 кг 315 гр мөнгөн ус  байсан байна. ОБЕГ-ын гамшгаас хамгаалах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөрсний саармагжуулалт хийхээр өчигдөр явсан бөгөөд бохирдсон хөрс, уснаас дээж авч УМХЕГ-ын харъяа нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр ирүүлсэн байна. Хариу нь өнөөдөр 15.00 цагт  гарах юм байна. Дээрхи нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва УМХЕГ, ОБЕГ болон холбогдох  мэргэжлийн байгууллагуудад яаралтай хариу арга хэмжээг авч, мөнгөн уснаас үүдэн үүсч болзошгүй хор аюулыг арилгах чиглэлээр  тодорхой үүрэг  өглөө. Үүнтэй холбогдуулан Шадар сайдын дэргэд мөнгөн усны хууль бус борлуулалт, хэрэглээний асуудлыг  судлан цаашид  авах арга хэмжээний  чиглэл гаргах  ажлын хэсэг  байгуулан ажиллахаар  болжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин