Дэлгүүр дээрэмдсэн этгээдүүд цагдаагийн аминд хүрчээ
Ховд аймагт цагдаагийн алба хаагчийг буудан хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ хэрэг Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт болсон байна.
Тус аймгийн цагдаагийн ажилтан эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь нэгэн хүнсний дэлгүүрийн хаалга эвдэрсэн байдалтай байжээ. Тиймээс тухайн дэлгүүрт хулгайч орсон байх магадлалтай байгаа мэдээллийг сумынхаа цагдаагийн хэсэгт хүргэж нэмэлт хүч дуудсан байна.
Нэмэлтээр нэг ахмад, хоёр ахлагчийн хамт иржээ. Улмаар тэд тухайн дэлгүүрт орох үед буун дуу гарч дэд ахлагч н.Төмөрчөдөр суманд оногдсон байна. Харамсалтайн тэрээр эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Гал нээсэн хоёр этгээд баригдаагүй байгаа бөгөөд цагдаагийн ажилтны амийг хөнөөснийхөө дараа бусдыг нь бас "буудаж ална шүү" хэмээн сүрдүүлж байсан байна.Энэ хэрэгт холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаал гарч ажлын хэсэг Ховд аймгийн Булган сум руу явсан талаар мэдээллээ. Бид энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ