Таж Гибсон дахин бэртэл авлаа
2013-04-03

Өнөөдөр өглөө Чикаго Буллз баг Вашингтон Визардсийн талбайд зочлон тоглож 90:86 харьцаатай ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл энэ тоглолтын үеэр Чикагогийн төвийн тоглогч Таж Гибсон зүүн өвдөгний бэртлээ сэдрээсэн байна.

Плэй офф дөхөх тусам багуудын санааг зовоодог гол зүйл бол тоглогчдын бэртэл гэмтлийн асуудал байдаг билээ. Сан Антонио Сперс багийн сэлгээний гол хамгаалагч Ману Жинобили 3-4 долоо хоног талбайд гарахааргүй болоод удаагүй байсан бол ийнхүү Таж Гибсон гэмтлээ сэдрээн Чикаго Буллз баг хүнд байдалд ороод байна. Тэдний хувьд аль хэдийнэ Деррик Рөүзийг зүүн өвдөгний, Жоаким Ноаг баруун хөлний, Ричард Хамильтонг нурууны бэртэлд гээд чухал чухал тоглогчидоо алдаад байгаа юм.

Зүүн өвдөгний бэртлийнхээ талаар Таж Гибсон “Би зүгээр л энгийн шилжилтийн хөдөлгөөн хийсэн. Хальтрах үедээ өвдөгөө эвгүй нугалсан юм. Үнэхээр их өвдөж байсан. Би үргэлжлүүлэн тоглохыг хичээсэн ч болоогүй ээ. Сүүлийн тоглолтуудад бага зэргийн зовиур байсан ч би тоглосоор л байсан юм. Одоо бол өмнөх бэртлээсээ хүнд биш байгаасай л гэж найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Харин түүний багийн анд Кирк Хайнрих “Энэ бол багт учирч буй бас нэгэн хүнд хохирол юм. Гэхдээ бид хамтдаа байж эрүүл үлдсэн тоглогчидоо сайн ашиглах хэрэгтэй. Бэртэл гэмтэл аваагүй багийн гишүүд өөрсдийгөө дайчилж нэг шат ахих ёстой. Бид бүтэн улирлын турш л бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадаагүй. Түүний бэртэл огт шинэ зүйл бишээ” гэж хэлсэн байна.

Бухнуудын төвийн тоглогч өмнөх бэртлээсээ 3 сарын 21-нд эргэн ирээд байсан бөгөөд тэрээр энэ улиралд нэг тоглолтод дундажаар 8 оноо, 5.5 самбараас бөмбөг авалт, 1.4 блок шот гүйцэтгэж байсан юм.

н.Цогоо

Shuud.mn
Сонин хачин