Амгалан дулааны станцын барилгын ажил ирэх сард эхэлнэ
2013-04-07

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 35, 55 дугаар тогтоолоор Амгалан дулааны станц байгуулахаар шийдвэрлэж, энэхүү станцыг барих Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 10,8 га газрыг энэ сарын 1-ний дотор чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан билээ. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл өчигдөр “Амгалан” дулааны станц барих газар чөлөөлөх ажлын байдалтай танилцлаа.   “Амгалан” дулааны станц барихаар төлөвлөсөн газарт “Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар” нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын УС-15-ын уурын зуухны барилга, тоног төхөөрөмж байрлаж байгаа аж.  УС-15-ын барилга хуучирч муудсан ч уурын зуухны тоног төхөөрөмжийг Монголын Мянганы сорилтын сангаас шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тиймээс газар чөлөөлөхтэй холбогдуулан тус газар дээр байрлаж байгаа барилга байгууламжийг буулгаж, шинээр суурилуулсан тоног төхөөрөмжийг шилжүүлэн суурилуулах шаардлагатай юм байна. Иймд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор УС-15-ын тоног төхөөрөмж, барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан  бөгөөд урдчилсан байдлаар 987 сая орчим төгрөгийг уг барилгыг буулгах, газар чөлөөлөх ажилд зориулан шийдвэрлэсэн аж. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгана гэж тооцсон байна. Хэрвээ төлөвлөсөн хугацаандаа газар чөлөөллөх ажлыг хийж гүйцэтгэвэл шинээр барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил хугацаандаа эхэлж ирэх арванхоёрдугаар сард Нэгдүгээр ээлжийн зуухаа ашиглалтад оруулах аж. Энэхүү шинээр баригдах дулааны станцыг түшиглэн Амгалан орчмын гэр хороолол болон хотын зүүн бүсийн гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлж, айл өрхүүдийн дулааныг бүрэн шийдвэрлэх боломжтой болох юм.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин