Нийслэлчүүд амь нас, эрүүл мэндээрээ хэдий болтол дэнчин тавих вэ
Хөр цасан ханзарч, хөөрхий улаанбаатарчууд утаа гэгчээсээ түр болов ч салж, цээж тэнүүн амьсгалах эрхтэй боллоо. Гэвч урин цагтай зэрэгцэн хөрсний бохирдол гэх удаах “чимээгүй тахал”-тайгаа учран золгох болов. Өнөөдрийн байдлаар хотын нийт хөрсний 85 хувь нь онцгой бохирдолтой болсныг мэргэжлийн хүмүүс дуу нэгтэй халаглаж сууна. Өөрөөр хэлбэл, уг тоон үзүүлэлт нь нийслэлийн хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрснийг илтгэж байна.
Гэвч хамгийн эмгэнэлтэй нь утаанаас илүү уршигтай энэхүү хөрсний бохирдолд анхаарлаа хандуулж, арга зам эрэлхийлэх цагаан захтан нэг ч алга. Зүй нь дэлхий дээрх улс орнуудаас манай орон химийн бодис ихтэй шатахуун хэрэглэдгээрээ нэлээд дээгүүрт жагсдаг. Тиймдээ ч энэхүү хэрэглээнээсээ болж агаар, хөрсөө ихээр хордуулдаг болохыг салбарынхан тогтоосон байдаг. Харин энэ бүхнийг одоогоор гүйцэд шийдвэрлэх “гарц” байхгүй учраас л уг асуудлаар хэн ч ам нээдэггүй бололтой.
Цаашлаад, нийслэлийн хөрсийг бохирдуулж буй гол эх үүсвэр нь хог хаягдал болоод гэр хорооллынхны модон жорлонгийн бохир ус, угаадас гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэвч хөрсний бохирдол нь утаа шиг нүдэнд харагдаж, хамар, цээж хорсгодоггүй учраас л олны хараанаас далд байж өдий хүрчээ. Харин энэ бүхний хор уршиг нь 2000-аад оноос өмнөх 30 жилд огт сонсогдож байгаагүй олон төрлийн өвчлөлөөр илэрч буйг салбарынхан тодотгож буй юм.
Наад захын жишээ гэхэд л хортой ба хоргүй хавдарт манай улсын иргэд сүүлийн 10 жилд гэрлийн хурдаар нэрвэгдэх болж. Мөн гэдэсний хижиг өвчин, цусан суулга, халдварт шар зэрэг өвчлөл нь хавар, намарт ёс юм шиг дэгддэг нь хөрсний бохирдлоос үүдэлтэйг эмч, мэргэжилтнүүд албан ёсоор дуулгаж буй. Тэгээд ч хүн амын өвчлөл болон халдварыг хөрсний бохирдлын орчинтой харьцуулан судлахад, нийслэлийн хамгийн их бохирдолтой цэгүүд яах аргагүй таарч байгаа аж. Тухайлбал, “Хархорин”, “Нарантуул” захын эргэн тойрон, Гандангийн дэнж, Бөмбөгөр, Зуун айл, Ногоон нуурын орчим, СХД-ийн 20 дугаар хороо буюу арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчим гэх мэт газарт өвчлөл их гарч байгаа нь судалгаагаар нотлогдсон байна.
Тэр дундаа Хан-Уул дүүрэгт байрлалтай “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчмын нутаг дэвсгэрт хромын бохирдолтой, мөн томоохон худалдааны захууд органик бохирдлоор тэргүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд болон Шинжлэх ухааны академийн Хөрс судлалын салбараас хийсэн шинжилгээний дүгнэлтээс энэ бүхнийг харж болохоор байгаа юм.
Учир нь бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар та бидний уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь гүний хэмээн нэрлэгддэг ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байгаад л аюулын гол уршиг нуугдаж байна. Үүнээс л өвчин эмгэг үүсэх шалтгаан гарч буй юм. Гэвч эрх мэдэлтнүүд нийслэлийн ойр орчмын гүн бохирдолд орсон гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг багасгана хэмээн ярьсаар хэдэн жилийг ардаа орхилоо. Харин одоо энэхүү мөрөөдлөө ажил хэрэг болгохоор зохих шатанд ярилцаж сууцгаана.
Гэтэл энэ арга нь утааг багасгах магадлалтай ч, хөрснийх нь бохирдлыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх хэмжээнд хүргэж арилгаж чадах уу. Хөрсөнд нэгэнт шингэсэн хорт бодис, бохирдол байшин барьснаар цэвэрлэгдэхгүй. Зүй нь бохирдлын түвшин дээд цэгтээ хүрсэн тохиолдолд тухайн суурин газрыг нүүлгэхгүй юм гэхэд хөрсийг нь бүхэлд нь хуулж шинээр солихоос өөр аргагүй байдгийг бусад улсын жишгээс харахыг төр, засгийн өндөрлөгүүдийн сонорт хүргэе.
Эцэст нь хэлэхэд, XI зууны нийслэлийн чиг хандлагыг хүйтний улиралд утаа, дулааны цагт хөрсний бохирдол тодорхойлох болсоор удлаа. Ямартай ч нийслэлчүүд ийнхүү гамшигийн байдалтайгаар амь нас, эрүүл мэндээрээ хэдий болтол дэнчин тавьж амьдрах юм бол доо....
С.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ