
Нэрт соён гэгээрүүлэгч, төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. “Дашбалбар судлал” төвөөс жил бүр зохион байгуулдаг тус наадам нь залуу авьяастнуудыг хөхиүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох, “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог аж.
Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ний 18.00 цаг хүртэл dashbalbrstudies@ gmail.com хаягаар авах юм байна.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчид шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан энэ сарын 28-ны өдөр олон нийтэд зарлах гэнэ. Илтгэлийн хувьд утга зохиол судлал, сэтгүүл зүй, шашин судлал, улстөр судлал, соёл судлал гэсэн бүтээлийг хүлээж авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн онцлогийг тусгасан байх шаардлагатай ажээ.
Харин уран бичлэгийн уралдаанд О.Дашбалбар агсны шүлэг, ишлэлээс уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээх юм байна. “Эх орон- Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт ирэх тавдугаар сарын 3-ны 10.00 цагт Тусгаар тогтнолын ордны дугуй танхимд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм.
“Эх орон-Оюун санаа- Яруу найраг” наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ