Роналдо дахиж хүүхэдтэй болохгүйн тулд мэс засал хийлгэнэ
2010-12-29

Дэлхийн хошой аварга, Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдо үр тогтоох чадваргүй болгох мэс засал хийлгэхээр хатуу шийджээ. Эдүгээ “Коринтианс”-т тоглож буй 34 настай Роналдо эхнэр болон найз бүсгүйчүүдийнхээ гэнэтийн “бэлэг”-ээс залхсан тул ийм алхам хийхэд хүрсэн байна. Тэрээр одоогоор албан ёсоор дөрвөн хүүхэдтэй. Энэ нь Милене Домингесийн төрүүлж өгсөн арван настай Роналд, Мишель Умезугийн “бэлэглэсэн” таван настай Алекс, тэгээд одооны найз бүсгүй Биа Энтонигийн төрүүлсэн хоёр настай Мария София, есөн сартай Мария Алиса нар юм. Роналдо хүү Алексийгаа төрснөөс хойш дөрвөн жилийн дараа мэдэж, уулзсан нь ийм алхам хийхэд хүргэсэн гэнэ. Энэ талаар Роналдо “Алекс бид хоёр аль эрт уулзаж, хамтдаа байх боломжоо алдсан нь гутамшиг. Мишель хүүг минь хэлээ ч үгүй байж шууд шүүхэд хандсан. Хүүхдийн хувь заяаг ингэж шүүхээр шийдэх ёсгүй. Одоо хангалттай! Би үр тогтоох чадваргүй болно” гэжээ. Хөлбөмбөгчдөөс зөвхөн Роналдо л ийм хагалгаа хийлгэхээр сэтгэл шулуудаж байгаа биш юм. Түүнээс өмнө хөлбөмбөгийн хаан Пеле мөн дөрвөн хүүхэдтэй болсныхоо дараа ийм мэс ажилбар хийлгэж байжээ. Гэвч Пеле үүнээс хэдэн жилийн дараа хуруу шилний аргаар дахин хоёр хүүхэдтэй болсон юм. Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин