Монголд зориулсан Австралийн хөгжлийн хөтөлбөр батлагдлаа
2013-04-17

  Австралийн Засгийн газраас Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 2012-2016 онд харилцах таван жилийн стратегийн хөтөлбөрөө энэ дөрөвдүгээр сард батлан гаргав. Энэхүү хөтөлбөр гарснаараа Австралийн тал Монгол Улстай удаан хугацааны үндсэн дээр хамтран ажиллах эрмэлзэлтэйг харуулсан, мөн хоёр тал хөгжлийн талаарх хамтын ажиллагаагаа дунд хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломжтойг баталж буй хэрэг юм. Хөтөлбөр нь манай улсын үндэсний хөгжлийн болон Австралийн тусламжийн бодлогыг уялдуулахад чиглэсэн бөгөөд хүний нөөцийн хөгжлийг дэмжих, уул уурхайг хөгжилд зориулах, манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах гэсэн үндсэн гурван чиглэлийг хамарчээ. Хөтөлбөрийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг болох Австралийн Засгийн газраас дэвшүүлсэн “уул уурхайг хөгжилд зориулах” санаачлагын хүрээнд дэлхийд уул уурхайн хөгжлөөр тэргүүлэгч Австрали Улстай энэхүү салбарт хамтран ажиллах, хөгжлийн туршлагыг нь судлах боломж нээгдэж буй юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Австрали Улс нь Монгол Улсын хөгжлийг дэмжихэд зориулж 29,6 сая ам.доллар зарцуулсан бөгөөд 2012-2013 онд 14,2 сая ам.долларыг зориулах аж. Түүнчлэн Австралийн засгийн газрын тэтгэлэгээр өнөөг хүртэл 230 гаруй монгол иргэн тус улсад суралцаж төгсчээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин