Томчуудад халгаатай өдрүүд
Өнгөрөгч долоо хоногт томчуудын хувьд ширүүхэн өдрүүд болж өндөрлөв. Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн бол парламентын дэд дарга С.Баярцогтыг ч зөөлөн сэнтийгээс нь буулгах эсэхийг нэлээд нухацтай хэлэлцсэн юм.
Түүнчлэн авлигалын хэрэгт холбогдуулан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн гээд олон нийтийн анхаарал татсан үйл явдлуудаар өрнүүн долоо хоног байв.
Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнгөрөгч мягмар гаригт уг асуудлыг хэлэлцэж, огцруулах боломжгүй гэж үзсэн юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, төрийн алба төрлийн, танилын алба болж хувирсан тул огцруулах ёстой гэдгийг сөрөг хүчнийнхэн хэлэлцүүлгийн явцад хэлж байсан бол энэ бүхэнд Ерөнхий сайд тодорхой тайлбаруудыг өгсөн юм. Ингээд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэдэн цаг хэлэлцсэний эцэст МАН-ын бүлгийнхэн завсарлага авснаар энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байгаа юм. Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс 25 гишүүн гарын үсэг зураад буй.
Т.Билэгт нарыг эрэн сурвалжилж эхэллээ
Шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж өдгөө Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг Интерполд илгээсэн тухай АТГ-аас мэдээлж байсан юм.
Тэгвэл Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.Өнгөрөгч жилээс хууль бус хувьчлалтай холбоотой хэргийг шалгах явцад НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ руу оргон зайлсан юм.
Уг хэрэгт Т.Билэгтээс гадна сэжигтэн Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд Н.Энхбаяр “Эксон” гэх компанийг шилжүүлж, өөоийн өмч хөрөнгөө нуун далдахыг оролдсон аж.Түүнчлэн Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна
Засгийн газрын хуралдаанаар уржигдар Оюу толгойн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.
“Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны зургадугаар сард экспортод гаргахаар төлөвлөж байна. Оюутолгой компанийн баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн корридор зэрэг тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо.Цэцэрлэгийн шал нурж олныг цочроов
Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн шал нурж олон нийтийг түгшүүрт автуулав. Тус цэцэрлэг нь 1968 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл зөвхөн урсгал засвар хийж ирсэн гэх. Хана таазнаасаа мөөгөнцөртөж, сантехникийг нь жил бүр сольж, урсгал засвар хийсэн ч засал авахгүй болсон гэдгийг албаны эх сурвалжууд хэлсэн юм.
Өнгөрөгч 2010 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 7-208/16479 НМХГ-ын байцаагч н.Эрдэнэсүрэн “… 59 дүгээр цэцэрлэгийг насжилт өндөртэй, ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан аж.Цэцэрлэгийнхэн жил бүр дүүргийн, нийслэлийн төсөвт оруулж, цэцэрлэгийн барилгыг шинэчилж өгөх хүсэлтээ илэрхийлсээр ирсэн ч мөнгө санхүүг нь шийдэж өгөхгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Ингээд шал нурж, хананд цууралт өгсөн нь энэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ