
Эрүүл мэндийн яамны Олон улсын эрүүл мэндийн дүрмийн удирдах зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөх багийн ээлжит хурал болжээ. Энэ удаагийн хурлаар томуугийн А хүрээний H7N9 вирусийн халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шувууны аж ахуй эрхлэгчдийн талаар хэлэлцсэн байна.
Уг халдварын газар зүйн тархалт, өвчлөгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд халдвар БНХАУ-ын зүүн эргээс төв рүүгээ тархаж байгаа нь манай улсад халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байгаа талаар мэргэжилтнүүд онцолжээ. Түүнчлэн БНХАУ-тай хил залгаа зургаан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газраас шувууны аж ахуйн судалгаа авч нэгтгэн, тандалт хийж байгаа аж.
Цаашид мал эмнэлгийн болон бусад байгууллагатай тандалт, судалгааг хамтран хийх эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Д.Цэцэг