2010 оны спортын онцлох үйл явдал
1. Өсвөрийн дэлхийн аваргатай боллоо: Шатрын спортын ОУХМ, Фиде мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ Грекийн Порто Каррас хотноо энэ оны 10-р сарын 20-30-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 насны ангилалд өрсөлдөж дэлхийн аварга боллоо. 119 орны шатарчид өрсөлдсөн тэмцээний энэ ангилалд 107 хүүхэд оюун ухаанаа сорьсоноос Д.Номин-Эрдэнэ түрүүлж дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм. Дэлхийн аваргад нийт 11 өрөг тоглож, долоо хожиж, дөрөв тэнцсэн үзүүлэлтээр есөн оноотой тэмцээнийг тэргүүлжээ. Мөн тэрээр энэ онд Бээжинд болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнээр нэг жилд Ази болон дэлхийн аваргын хоёр том цолыг зүүж чадсан юм. 10 насандаа ийм том амжилтанд хүрсэн нь Монголын шатрын спортын түүхэнд тодоор бичигдсэн амжилт боллоо. Түүний чансааны оноо буюу рейтинг 1755. Номин-Эрдэнэ “Цэцэн нүүдэл” шатрын клубт харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийдэг. Түүний өмнө шатрын их мастер болох том зорилго бий.
2. Асашёорюү зодог тайлав: Мэргэжлийн сумо бөхийн башёд 25 удаа түрүүлсэн их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2010 онд зодгоо тайлсан юм. Тэрээр архи уусан үедээ хүн зодсон хэргээр Японы олон сонин хэвлэлд элдвээр бичигдэж олны хараанд өртөөд байсан. Ингээд Их аварга Дагвадорж энэ бүхэнд эцсийн шийдвэр өгч зодгоо тайлан сумогийн дэвжээг орхихоор болсноо олон нийтэд зарласан нь багагүй шуугиан тарьсан юм. Мэргжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Дагвадорж зодгоо тайлах болсноо албан ёсоор мэдэгдсэнийхээ дараа өөрийн эх орондоо ирж хэвлэлийн бага хурал зохион байгуулж энэ үеэр гадаадаас тэр дундаа Японоос ирсэн хэвлэл мэдээллийнхний тавьсан асуултанд хариулт өгөхгүй гэдгээ хатуухан мэдэгдэж байлаа. Мэргэжлийн сумогийн дэвжээнд эр бяраа гайхуулан 25 түрүүг хүртээд байсан түүнийг зодог тайлах болсонд сумо бөх сонирхогчдын нэг хэсэг нь гайхан хүлээж авахад нөгөө хэсэг нь дэмжиж байлаа. Дагвадорж аваргын зодог тайлах ёслолын арга хэмжээ 10-р сарын 3-ны өдөр буюу ням гаригт Японд болсон юм. Тэрээр 17 настайдаа арлын орныг зорьж сумогийн ертөнцөд хөл тавьж байсан юм.
3. Хакухогийн амжилт: Японы мэргэжлийн сумогийн дэвжээнд Монгол бөхчүүд ид хаваа гайхуулан эх орныхоо нэрийг арлын оронд дуурсгаж явна. Түүний нэг бол ёкозуна Хакухо М.Даваажаргал юм. Тэрээр 2010 онд зургаан башёгийн тавд нь түрүүлэхдээ дөрвөн удаа нэг ч өвдөг шороодоогүй билээ. Японы мэргэжлийн сумо бөхийн түүхэнд домогт их аварга Футабаяма хамгийн олон дарааллаж давсан амжилтаараа тэргүүнд бичигддэг. Тэрээр дараалан 69 давсан амжилтаар сумо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн бол их аварга Хакухо Даваажаргал энэ оны хацу башёгийн 14 дэх өдрөөс эхлэн кюүшю башёгийн 2 дах өдрийг хүртэл дараалан 63 даваа авснаар түүний дараа эрэмбэлэгдээд байгаа юм. Үүгээр зогсохгүй Хакухо 2010 оны 6 башёд ердөө 4 удаа унасан нь рекорд амжилт болж байна. Өмнө нь энэ рекордыг Асашорюү Дагвадорж эзэмшдэг байсан бөгөөд түүний хувьд 6 унасан байдаг. Тухайн үед Асашорюүгийн амжилтыг эвдэх хүн дахиж гарахгүй хэмээж байсан ч ийнхүү бас нэгэн Монгол тамирчин энэ рекордыг залгамжиллаа. М.Даваажаргалыг 2010 оны Японы мэргэжлийн спортын шилдэг тамирчнаар тодруулжээ. Түүнд энэ шагналыг Японы ерөнхий сайд Наото Кан Их аварга Хакухог хүлээн авч баяр хүргэн шагналыг нь өөрийн биеэр гардуулан өгсөн байна. Арлын орны мэргэжлийн спортын шилдэг тамирчин болон шилдэг багийг Токио дахь хэвлэл мэдээллийн 54 спортын сэтгүүлч, сурвалжлагчдын саналаар тодруулдаг байна. Энэ шагналын эзнээр 2005 онд их аварга Асашёорюү Дагвадорж тодорч байжээ. Хакухо Даваажаргал Япон бүсгүйтэй 2010 оны хаврын тэргүүн шар бар сарын шинийн 7-ны өдөр гэрлэх ёслол үйлдсэн юм. Монголчууд золгох нь бүү хэл сайн үйл хийдэггүй ёс уламжлалтай энэ өдөр гэрлэх ёслол хийсэн нь олны дургүйцлийг багагүй хүргээд авсан юм.
4. "Гуанжоу-2010": Азийн спортын 16-р наадам Хятадын өмнөд нутаг болох цэцгийн орон буюу Гуанжоу хотноо 11-р сарын 12-27-ны өдрүүдэд нийт 15 хоног үргэлжлэн явагдсан. Энэ наадамд манай улсаас спортын 28 төрөлд 222 тамирчнаа илгээсэн юм. Манай тамирчдаас “Женко” клубын тамирчин Ц.Наранжаргал жудо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж медалийн анхны салхийг хагалсан юм. Харин 52 кг-д М.Бундмаа мөнгө, эрэгтэй үнэмлэхүй жинд М.Мөнхбаатар хүрэл, эмэгтэй үнэмлэхүй жинд Д.Цэрэнханд хүрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57-кг-д Т.Баттөгс нар хүрэл медаль хүртсэнээр жудогийн багийнхан нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай болов. чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Мандахнаран алт, 120 кг-д Ж.Чулуунбат мөнгө, эмэгтэйчүүдийн 72 кг-д Г.Наранчимэг алт, 63 кг-д О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 74 кг-д Д.Гомбодорж, 84 кг-д П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртжээ. Ингэснээр чөлөөт бөхийн түүхэнд эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Наранчимэг Азийн тоглолтын анхны аварга болж чөлөөтийнхөн Азийн наадмын анхны аваргаа өлгийдөн авч нэгэн шинэ хуудас нэмсэн баярт үйл явдал болсон юм. Харин боксын эмэгтэй төрөлд 75 кг-д Э.Ундрам мөнгө, эрэгтэйчүүдийн 69 кг-д Ж.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн бол буудлага спортын эмэгтэй багийнхан МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар хийн гар бууны 25 м-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Харин ушугийн төрөлд М.Батжаргал хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү манай эмэгтэй тамирчид 9 медаль, эрэгтэй тамирчид 7 нийт 16 медаль хүртсэн байна. 1974 оны Ираны нийслэл Тегеранд болсон Азийн спортын 7-р наадамд анх удаа спортын 6 төрөлд 28 тамирчин оролцож байсан. Ингээд энэ наадмаас 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль эх орондоо авчирч байсан юм. Тэгвэл Манай тамирчид Азийн наадмын дэвжээнээс нийт 12 алт, 17 мөнгө, 55 хүрэл медаль хүртэж байсан амжилттай.
5. Олон тэмцээн зохион байгууллаа: Манай улсын тухайд өмнөх жилүүдийг бодвол ОУ-ын шинж чанартай томоохон тэмцээн уралдааныг өөрийн оронд хүлээн авч амжилттай зохион байгуулдаг болсон. 2010 оны хувьд дэлхийн шилдэг эмэгтэй 12 шатарчид өрсөлдсөн “Шатрын гран при” цуврал тэмцээний 5-р тэмцээнийг Улаанбаатар хотноо МУ-ын Засгийн газар, МШХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ оны 7-р сарын 29-нөөс 8-р сарын 12-ны өдрийг хүртэл “Их тэнгэр” цогцолборт явагдсан шатрын тэмцээнд манай улсаас шатрын их мастер Б.Мөнгөнтуул оюун ухаанаа сорьсон юм. Дэлхийн эмэгтэй шатарчдын хувьд хмагийн нэр хүндтэй, чансаа өндөртэй тэмцээнийг манай улс хүлээн авч зохион байгуулсан нь дэлхий нийтэд өөрийн орноо сурталчлантаниулах бас нэгэн сайхан боломж бий болгосон явдал байлаа. Мөн энэ оны 5-р сард Монголын пауэрлифтингийн холбооноос Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. 15 орны 360 гаруй тамирчид хүч чадлаа сорьсон тэмцээнд манай улсаас 74 тамирчин өрсөлдөж багийн дүнгээрээ хоёрдугаар байранд шалгарсан. Монголын тамирчдын хувьд өмнө нь 2003 оноос хойш пауэрлифтингийн Азийн АШТ-д тогтмол оролцсоор иржээ. Тэгвэл энэ онд 100 буудалт даамын Ади тивийн аварга шалгаруулах тэмцээнийг МҮОХ, МДХ хамтран 10-р сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж Ази тивийн 10 орны шилдэг 30 гаруй даамчин өрсөлдсөн тэмцээнд манай даамчин их мастер Д.Эрдэнэбилэг түрүүлж тэрээр дөрөв дэх удаагаа Ази тивийн аварга болж их мастер цолоо бататгасан юм. Тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв, нийт найман хүний бүрэлдэхүүнтэй оролцож багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарчээ. МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан-2010” жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг МЖБХ хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 7-р сарын 24, 25-ны өдрүүдэд явагдсан энэ жилийн дэлхийн цомын тэмцээн Лондон-2012 олимпийн оноо олгох байсан учир дэлхийн шилдэг тамирчид өрсөлдсөнөөрөө онцлог болсон. Спортын төв ордны А зааланд зохион байгуулсан тэмцээнд 25 орны 300 гаруй жудочид зодоглосон юм. Дэлхийн алдартай тамирчдаас Арлын Японы домогт жудоч, Олимпийн гурван удаагийн аварга Тадахиро Номура зодоглолоо. Манай улс зохион байгуулагч гэдэг утгаараа жин тус бүрт дөрөв, нийтдээ 76 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн ангилалд нийт 15 жүдоч өрсөлдсөнөөс залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг аваргын алтан медалийн төлөө олимпийн гурван удаагийн аварга домогт Тадахиро Номураг ялснаар аваргын цом хүртсэн юм. Ийнхүү дэлхийн цомын тэмцээнд Монголын эрэгтэй баг тамирчид багаараа тэргүүллээ. Мөн Боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах 4-р тэмцээнийг МОБХ өнгөрөгч 10-р сард зохион байгуулж тэмцээнд олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба, МУГТ Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат тэргүүтэй шилдэг ширэн бээлийтнүүд өрсөлдөж багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
6. Спорт цогцолбор үүдээ нээв: Анх 2007 онд суурийн шаваа тавьж байсан Яармагийн дэнж дээр барьж байгуулсан спорт цогцолбор 12-р сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ. Ингэснээр Монголд анх удаа 5045 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн томоохон спорт цогцолбор болж байна. Энэ бүтээн байгуулалтыг урд хөршийн засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Хятадын Шанхай группын ажилтнууд барьж гүйцэтгэсэн юм. Спортын ордны тоглолт явуулах гол талбайн хэмжээ нь 2950 кв.метр мөн 260 кв.метр бэлтгэлийн хоёр жижиг заал болон нийт 104 өрөө тасалгаатай юм. Үүнд албан тасалгааны болон аж ахуйн зориулалтаар ашиглах 32, нийтийн бие засах 35, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах мөн хэвлэл мэдээллийн 3, тусгай зориулалт болон техникийн 37 өрөө багтаж байгаа юм. Харин МУ-ын Засгийн газрын 2010.11.23-ны өдрийн хуралдаанаас Хятадын Засгийн газрын 111 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулсан энэ спортын ордны барилгыг төрийн өмчид бүртгэж, БТСГ-ын харъяанд шилжүүлэхээр тэмдэглэсэн бөгөөд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ нь спортын шинэ ордны үйл ажиллагааг удирдан явуулж байна. Монголын талаас гүйцэтгэх ажлын хүрээнд, 2600 метр 10кВт-ын цахилгааны шугам, хуваарилах трансформаторын хоёр дэд өртөө, дизель станцын барилга, 1900 метр бохир усны гол магестраль шугам, 700 метр цэвэр усны шугам, барилга баригдах талбайн газар шороо болон хашааны ажил, автомашины зам, зогсоолын анхны нягтруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Харин спортын ордныг зөвхөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулаад зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулжээ. Энэ ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээний 2010-2011 оны улирлын албан ёсны нээлт 12-р сарын 18-ны өдөр болсон юм. Ашиглалтанд ороод удаагүй 5045 хүний суудалтай энэ байгууламжид болсон спортын анхны тэмцээн нь “Дуулиан-2020” болсон юм.
7. 35 жилийн дараа дэлхийн аварга төрлөө: “Москва-2010” чөлөөт бөхийн ДАШТ-д үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг түрүүлж 35 жил тасраад байсан дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч чадсан юм. Тэрээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анх удаа дэлхийн аваргын цол хүртэж, 1975 онд Белорусс улсын Минск хотод болсон тэмцээнээс хоёр алтан медаль авсан З.Ойдов, Х.Баянмөнх нараас хойш тасраад байсан дэлхийн аварга цолыг 35 жилийн дараа 20 насандаа эх орондоо авчирч чадлаа. Батцэцэг анх 2007 онд “Замчин” спорт клубээс чөлөөт бөхийн спортын гараагаа эхэлж одоо “Хилчин” спорт клубт харъяалагддаг тамирчин юм. Чөлөөт бөхийн спортын А үсгийг түүнд заасан хамгийн анхны багш бол Архангай аймгийн Хашаат сумын дунд сургуулийн багш Дондов. 2007 оноос эхлэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багт Улсын заан, Гавъяат дасгалжуулагч З.Дүвчин, Гавъяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Архангай аймгийн Хашаат суманд төрж өссөн тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга, 2009 онд Филиппин улсын Манила хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2010 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм. 2010 оны бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, МУГТ Батцэцэг нийт 509 оноогоор 2010 оны Шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч Бөртэ чоно цомын эзэн болсон юм.
8. Наадам-2010: Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, “Алдар” спорт хорооны тамирчин Батжаргалын Ганбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Даян аварга Г.Өсөхбаяраар 8 давж анх удаа түрүүлэн улсын арслан цол хүртлээ. Тэрээр заан цол авснаас хойш 12 жилийн дараа төрийн их баяр наадамдаа түрүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар арслан цолны эзэн болсон юм. 1991 онд О.Балжинням аварга улсын их баяр наадамд түрүүлснээс хойш 19 жилийн дараа энэ нутгаас Б.Ганбат улсын наадамд түрүүллээ. 1999 онд заан цолны болзол хангаж байсан тэрээр гурван удаа 7, хоёр удаа 6, дөрвөн удаа 5 давж нийтдээ 9 удаа шөвгөрч байжээ. Анх 16 настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Энэ жилийн үндэсний их баяр наадамд Улсын заан Бямбадоржийн Заяамандах улсын арслан Азжаргалаар тав давж улсын начин цолны болзлыг хангасан бол Өвөрхангай аймгийн харъяат аймгийн арслан Т.Санчир улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж Монгол улсын начин цолны болзлыг хангалаа. Улсын наадамд 3-н удаа 4 даваад байсан Увс аймгийн харъяат цэргийн хурц арслан А.Бямбажав Улсын заан Соронзонболдоор 5 давж мөн Монгол Улсын начин цолны болзлыг хангасан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Чотонгийн Баянмөнх улсын баяр наадамд 5-ын даваанд улсын харцага Л.Пүрэвжаваар 5 давж улсын начин цолны болзол хангасан юм. Ийнхүү Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам улсын шинэ арслан, шинэ начин, харцага цолтнууд төрсөн олон түмний хүсэн хүлээсэн наадам болж өнгөрсөн юм.
9. Зааланд анх удаа 512 бөх барилдав: Монголын үндэсний бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан энэ сарын 4, 5-ны өдрүүдэд МБӨ-нд болсон. Анх удаа зааланд олон тооны бөхчүүд зодоглосон барилдаан болсноороо онцлог байлаа. Монгол бөхийн өргөөнд 2 өдөр үргэлжилсэн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба ес даван түрүүлсэн. Тэрээр үзүүр түрүүнд даян аварга Г.Өсөхбаяртай барилдаж, нутгийн ахаа хөмрөх мэхээр өвдөг шороодуулсан юм. 512 бөх зодоглосон барилдаанд шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Улсын гарьд И.Доржсамбуу, мөн аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Даян аварга Г.Өсөхбаяр нар үлдсэн юм. Улсын наадмаар цол горилж байгаа залуус аймаг цэргийн наадамд барилдаад улсын наадамд зодоглож чаддаггүй бол энэ удаагийн барилдаанд бүх шилдэг хүчтэнүүд барилдсан сайхан барилдаан болж өнгөрсөн. Мөн МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан энэ холбооны VI “Их эе” хурал хуралдаж бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс бүрдсэн 200-аад зочид төлөөлөгчид чуулж холбооныхоо тэргүүнийг сонгох рага хэмжээ болсон. Ингээд олонхийн саналаар хуучин тэргүүн Нямдорж МҮБХ-ны тэргүүнээр улиран сонгогдсон юм.
10. Хүүхдийн олимп: 2010 оны 8-р сарын 12-18-ны өдрүүдэд Өсвөр үеийн анхдугаар олимпийн наадам Сингапурт болж өнгөрсөн. Энэ наадмыг ОУОХ-ноос анх удаагаа зохион байгуулж Монголын шигшээ баг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Сингапур-2010 хүүхдийн анхдугаар олимпийн наадамд чөлөөт, жудо, триатлоны төрөлд гурван тамирчин эхлээд эрхээ аваад байсан юм. Харин ОУОХ-оос манайд захидал илгээж, гинастикийн төрөлд Азийн АШТ-нд мөнгөн медаль хүртэн олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байсан Ганбатын Эрдэнэболдод олимпийн эрх олгосныг мэдэгдэж манай өсвөрийн 4 тамирчид Хүүхдийн анхдугаар олимпод оролцох эрхтэй болсон юм. Тэрээр Токио хотноо болсон Ази тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээр энэ олимпийн эрхийн эзэн болжээ. Ингээд Хүүхдийн олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд хүч сорьсон Баатарзоригийн Батцэцэг алтан медаль хүртсэн бол спортын гимнастикийн төрөлд өрсөлдсөн Ганбатын Эрдэнэболд мөн алтан медаль хүртэж хүүхдийн олимпийн анхны аваргатай боллоо. Эрдэнэболдын хувьд анх 2005 онд 12 настайгаасас эхлэн Т.Алтантөгс багш дээр гимнастикийн спортоор хичээллэж эхэлжээ. Энэ наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-д зодоглож аваргын алтан медаль хүртсэн Батцэцэг B хэсэгт багтаж өрсөлдсөн бөгөөд эхний тойрогтоо Шинэ Зеландын бөх Таяла Фортег 3:0, дараагийн тойрогт Гуамын Амината Соуарег цэвэр ялж, улмаар Европын өсвөрийн аварга, Оросын Светлана Липатоваг оноогоор ялжээ. Ингээд хэсгийн аваргын төлөө Нигерийн тамирчин Виктория Кристиантай барилдан 3:1 –ээр ялснаар, А хэсгээс нэгээр гарч ирсэн Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө барилдаж өрсөлдөгчөө ялснаар Хүүхдийн олимпийн аварга болж чадсан.
Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс жудогийн холимог багийн тэмцээнд оролцсон О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн юм.
А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ