Монгол иргэдэд хүндрэл учруулахгүй байхыг хүсэв
2013-05-10

  Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг, Макао Засаг захиргааны онцгой бүсүүдэд суугаа Ерөнхий консул Ц.Ганболд энэ сарын 8-нд Макаогийн Ерөнхий захирагч, ноён Фернандо Чуй-д бараалхав. Ноён Фернандо Чуй Макао, Монголын харилцаа, хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэж буй  цаг үед үүрэгт ажилдаа орж байгаа Монгол Улсын Ерөнхий консулд амжилт хүсээд хоёр талын харилцааг ахиулахын төлөө Макаогийн Засгийн газар хүчин чармайлт гаргана гэж мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганболд хоёр талын харилцааны зарим асуудлаар тодорхой санал тавив. Тухайлбал Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Макаогийн иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгаа нь нэн сайшаалтай хэдий ч Макаогийн хилээр монгол зорчигчдыг нэвтрүүлэхэд хилийн шалган нэвтрүүлэхийн байцаагчид үндэслэл бүхий шалтгаангүйгээр саатуулах, биедээ авч яваа мөнгийг нь тоолох, нэмэлт баримт бичиг, нотолгоо шаардах зэргээр хүндрэл учруулах явдал түгээмэл гарч байгаад ноён Ерөнхий захирагчийн анхаарлыг хандуулж, хилийн шалган нэвтрүүлэх албандаа энэ байдлыг залруулах чиглэл өгөхийг хүсэв. Мөн Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх болон Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг Монголын тал Хонконгийн Засгийн газартай ойрын үед эхлүүлж байгааг мэдээлээд Макаотай ч эдгээр хэлэлцээрийг удахгүй байгуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Макаогийн Их сургуульд монгол оюутнуудыг сургах, Монголын Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг Макаод зохион байгуулах зэрэг тодорхой санал тавьсныг Макаогийн Ерөнхий захирагч судалж тодорхой хариу өгнө гэлээ. Мөн өдөр Ерөнхий консул Ц.Ганболд Макао дахь БНХАУ-ын ГХЯ-ны Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч, хатагтай Жан Жин Фэн-тэй уулзаж Монгол, Хятадын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин