БНСУ-тай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
2013-05-15

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын урилгаар БНСУ-ын Гёонги-До аймгийн Галын албаны академийн захирал ноён Ким Ён Сук тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Ноён Ким Ён Сук БНСУ-ын “Үндэсний аврах алба-119”-ийн дарга байхаасаа эхлэн Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд анхаарал хандуулж “Олон улсын хот суурин газрын эрэн хайх, аврах үйл ажиллагааны сургалтад Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах, Галын нэгдсэн холбоо болон Өлсгөлөнгийн эсрэг олон улсын байгууллага зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх ажлыг  санаачлан зохион байгуулж ирсэн юм. Түүний санаачлан зохион байгуулсан “Олон улсын хот суурин газрын эрэн хайх аврах ажиллагааны сургалт”-д Монгол Улсын Онцгой байдлын албаны нийт 120 аврагч хамрагдаж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ. БНСУ-ын Галын нэгдсэн холбоогоор дамжуулан буцалтгүй тусламжаар ирүүлсэн аврах, гал унтраах болон түргэн тусламжийн техник хэрэгсэл нь Монгол Улсын 10 гаруй аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай ангид ашиглагдаж байна. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын 24 албан хаагч Гёонги-До аймгийн Галын албаны академид “Хот суурин газрын эрэн хайх, аврах үйл ажиллагааны сургалт”-д хамрагдаж байгаа. Ноён Ким Ён Сукийн ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Гёонги-До аймгийн Галын албаны академи хоорондын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, Галын албаны академийн захирал ноён Ким Ён Сук нар гарын үсэг зурлаа. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин