О.Сосор: Хүн мэдэхгүй зүйлээ хайрлаж хамгаална гэж үгүй
2013-05-16

Зуун зууныг дамжин өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн соёлын өв, үнэт бүтээлүүдээ хадгалах, олон түмэнд түгээн таниулахын төлөөх нэгэн сайхан үйлсийн талаар сураг сонсоод түүнийг нь түмний сонорт хүргэж, хувь нэмэр болъюу хэмээн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга О.Сосортой уулзаж ярилцлаа. Монголын Урлагийн Зөвлөл, М-Си-Эс Групп, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран Өндөр гэгээн Г.Занабазарын үнэт бүтээлүүдийг хамгаалах зорилгоор “Занабазарын нууц” төслийг хэрэгжүүлж эхлээд байга юм.

.

-Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарыг мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Харин түүний бүтээл туурвил, дүрслэх урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг төдийлөн таньж мэддэггүй.

-Өндөр гэгээн Занабазар бол Монголын шашны тэргүүн, улстөрч, соён гэгээрүүлэгч гээд олон салбарт ажиллаж байсан, тэр дундаа Монголын дүрслэх урлагийн түүхэнд үнэлшгүй том гавьяа байгуулсан хүн. Манай олон эрдэмтэн өндөр гэгээн Занабазарыг дэлхийн алдарт уран бүтээлч Микеланжело, Леонардо Да Винчитэй зүйрлэдэг учир юу вэ гэхээр, тэдбүгддүрслэх урлагийн уран барилга, уран баримал, уран зургийн төрлөөр бүтээлээ туурвиж байсан байгаа юм. Микеланжело гэхэд яруу найрагчаас гадна эх орныхоо төлөө зэвсэг барин тэмцэж явсан түүхтэй. Занабазарын хувьд шинэ бичиг зохиосон соён гэгээрүүлэгч, монголчуудын эв нэгдлийн төлөө тууштай тэмцэгч байсан. Уран бүтээлчийнхээ хувьд тэрээр уран барималч, уран барилгач, уран зураач,бас уран дархан байсан бөгөөдтэдгээрийг гайхалтай хослуулан эзэмшсэн хүн байж. Тухайн үед шашны тэргүүн гэдэг утгаараа шашны урлагийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Ялангуяа Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм гуайн тэмдэглэснээр бол Энэтхэгт дэлгэрсэн буддын шашны урлагийг Монгол өнгө аястай, цоо шинээр бүрдүүлсэн. Тиймээс дэлхийн урлагийн түүхэнд Монголын урлагийн сургууль гэдэг нэр томъёог бий болгосон гэж тодорхойлсон байдаг. Микеланжелотой зүйрлэдгийн өөр нэг  шалтгаан бол мөн бүтээлээ дагалдуулж зохиол бичдэг байсан гэдэг.

 .

-Өндөр гэгээний ур хийцийн онцлог, арга барил, дэг сургууль нь тун өвөрмөц байсан гэдэг юм билээ?

-Занабазарын олон бүтээлээс баримлууд голдуу үлдсэн. Орчин цагт зарим нь алга болсон, зарим нь хуурамч гээд янз бүрийн зүйл яригдаж л байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гол бүтээлүүд нь хадгалагдаж байгаа. Гандантэгчилэн хийд болон Чойжин ламын сүм музейд бий. Түүний сургуулийн гэж нэрлэгддэг шавь нарынх нь бүтээлүүдээс хувь хүмүүсийн цуглуулгад ч бий. Өндөр гэгээний, түүний дэг сургуулийн бүтээлүүд үнэхээр Монгол төрхтэй. Энэтхэг, Непал, Хятад, Түвд зэрэг бусад улс оронд байгаа буддын шашны урлагийн бүтээлүүдээс тод ялгардаг. Непал, Түвдийн бурхдаасөөр, өвөрмөц Монгол хийцтэй. Жишээ нь, Энэтхэг бурхад бол илүү булцгар, ерөнхийдөө энэтхэг бүсгүйчүүдтэй төстэй. Харин манай бурхад бол монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн бие галбир, намба төрхтэй.Тийм ч учраас бид яах аргагүй Занабазарын сургууль, Монгол сургууль гэж томъёолдог.

Барималчийнхаа хувьд юугаараа гайхамшигтай вэ гэхээр бүтээлээ цутгасан арга нь. Юу гэхээр, 70 гаруй см-ийн хэмжээтэй том бурхдын бүх нарийн өмсгөл, чимэг зүүлтийг их биетэй нь хамт нэг мөр цутгадаг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Орчин үед бол аливаа баримал, олон нарийн хийцтэй бүтээлийг хэсэгчилж хийгээд дараа нь хооронд нь эвлүүлж нийлүүлдэг. Гэтэл Занабазарын “Ногоон дарь эх”, “Цагаан дарь эх”, “Язгуурын таван бурхан” болон бусад бурхдыг харахад толгой, хүзүүний чимэг зүүлт гээд бүх нарийн зүйлс нь цугтаа цутгагдсан байгаа. Энэ нь түүнийг дархны урлалыг дээд зэргээр эзэмшсэнийг нотолдог. Бурхны чихэнд ээмэг хийнэ гэдэг чинь дархан хүний ажил шүү дээ. Харин Занабазар бол өөрөө цутгуураар үйлддэг байсан. Хийсэн бүтээлүүдээ дандаа хатуу материал дээр буулгасан. Ингэж хийсний ачаар өдийг хүртэл хадгалагдаж үлдэж чадсан.

.

-Монгол төрх, маягийг бүтээлдээ шингээсэн нь түүний онцлог байжээ?

-Ганц жишээ авахад, Гандантэгчилэн хийдийн “Очир дарь” бурхны монголжуу төрхийг яаж мэддэг вэ гэхээр биеийнх нь булбарай, бөөрөнхийдүү байдал. Бид мах шөл нь таарсан гэж ярьдаг даа. Тарган ч биш, туранхай ч биш. Монгол хүний “сайхан” гэж хэлдэг үнэлгээнд үнэхээр нийцсэн. Хамар, нүд, харц, уруул, хөмсөг гэх мэт бүх зүйл нь монголчуудын гоо сайхны таашаалд нийцсэн байдаг юм. Мөн тухайн бурхны бясалгаж байгаа, үгүйг нь бид харцаар нь харж болохоор. Бүх бурхны номонд заасан чимэг зүүлтийг нь маш гоёмсог хийсэн байдаг. Бурхны тигд байдаггүй өвөрмөц хөдөлгөөнийг өөрөө гаргасан байгаа юм. Тигийг өөрчилнө гэдэг бол гэгээрсэн лам нар буюу хамгийн дээд, өндөр цолтой хүмүүс л хийх эрхтэй байдаг юм билээ.Дээр өгүүлсэн “Очир дарь” бурхан хүртэл бага зэрэг хазайсан байдаг. Тэгээд биеийнхээ хазайлтыг толгойгоороо буцаагаад тэгшилчихсэн. Тийм учраас биеийнх нь хэлбэр, уран хөдөлгөөн нь тод харагддаг. Нэг гартаа очир, нөгөөдөө хонх барьсан, арга билгийг бэлгэдсэн бурхан байдаг. Бидний харах боломжтой бүтээлүүд бол Занабазарын музейд байрлах “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Язгуурын таван бурхан”. Эдгээрээс “Ногоон дарь эх” бүр онцлууштай. Маш гоё биетэй, царай төрхтэй, жинхэнэ гоо үзэсгэлэнтэй Монгол бүсгүйн төлөөлөл болсон. Тийм ч учраас хүмүүс энэ бурхныг өөрөө дуугарч, үг хэлсэн гэж домог хууч болгон ярьдаг юм билээ. Тэрхүү бурхны хөдөлгөөн, байрлал нь урьд өмнө тааралдаж байгаагүй хөдөлгөөн байх жишээтэй. Тодруулбал, завилж суудаг суудлаараа биш. Нэг хөлөө урагш нь унжуулаад, үл мэдэх хазайсан байдалтай. Араас нь харвал латин S үсэг маягтай. Тэгэхээр эмэгтэй хүний нарийхан бэлхүүс, уян налархай бие, хөдөлгөөн харагдаж байна. Үл мэдэг монхордуу хамар, бумбагар уруул, шинэхэн саран мэт хөмсөгтэй, арвай будаа мэт хэлбэртэй нүд гээд залуу эмэгтэйн дүрийг их сайхан гаргасан. Дээр нь удвал цэцгээр чимэглэсэн болон мутрын хэлбэр, чагжаа нь гайхалтай уян тансаг.

.

-Мөн бурхны ном айлдах сүм хийдийнхээ зураг төслийг өөрөө гаргадаг байсан гэдэг.

-Тэгэлгүй яах вэ. Уран барилгачийнхаа хувьд ч Монгол үндэсний уран барилга гэдэг хэв загварыг бий болгосон нь гэр хэлбэрийн дугана. Гаднаас нь харахад гэр хэлбэртэй боловч дотроо яг л сүм хийдийн зориулалттай. Ийм дуганад анх удаа хурал эхлүүлсэн. Үүнийг дэлхийн урлагийн түүхэнд шинэ Монгол загварын шашны барилга гэж тодорхойлдог.

Уран зураачийн хувьд бол ээжийнхээ, өөрийнхөө хөргийг зурсан. Зурахдаа бол бас бурхны шашинд байдаг дэгийг эвдэж, Монгол хүн гэдгээрээ ууц таллаж байгаа байдлаар зурсан. Ийм байдлаар зураарай гэж шавь нартаа захиж байсан гэдэг.

.

-Энэ их хүний гайхалтай урлагийн бүтээлүүдийг хэрхэн хамгаалж, яаж хадгалж авч үлдэх вэ?

-Соёлын өвийг хайрлаж хамгаалахын тулд нэн түрүүнд монголчууд түүх, соёл урлагаа сайн мэддэг байх ёстой. Соёлыг өвийг зөвхөн төр засагт даатгаад өөрсдөө хараад сууж болохгүй. Энэ үйлсэд Монгол хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой. Хүмүүс түүх соёлоо мэддэг түүгээрээ бахархдаг, өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг байх нь бас соёлын өвөө хамгаалж байгаа хэрэг. Иймээс түүх соёлын талаар олон нийтэд мэдлэг олгож, мэдээлэл хүргэж, сурталчилах чухал. Мэдлэг мэдээлэл олгох олон хэлбэрийн нэг нь музей. Манай музейнүүд соёлын үнэт бүтээлүүдийн талаар судалж, түүнийг хадгалан хамгаалж, таниулан сурталчлилж, олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг явуулдаг. Энэ олон асуудлын дундаас музейн үзмэрийг хэрхэн дэглэж, яаж үзүүлж байгаа нь соёлын өвийг хамгаалахад чухал үүрэгтэй. Тэр дундаа зориулалтын шилэн хорго гэдэг бол музейн стандартыг хангасан дээд зэргийн байх нь чухал. Хамгаалалт гээд ярихаар нэг жишээ санагдаж байна. Голландын “Рикс” музейд гэхэд Рембрантын “Шөнийн харуул” зурагны хажууд хоёр хамгаалагч зогсож байх жишээтэй. Луврийн музейд “Мона Лиза” сум нэвтрэхгүй шилний цаана байрлаж байгаа биз дээ. Мөн маш сайн тайлбартай байх хэрэгтэй. Гадаадын улс оронд бол чихэвч бариад сонсдог шүү дээ. Манайд ч гэсэн аудео музейн хөтөчийг Занабазар ба Чойжин Ламын Музейд   хэрэглэж эхэлсэн нь маш сайшаалтай. Хамгийн гол нь мэддэггүй, ойлгоогүй зүйлээ хүн хайрлаж чаддаггүй. Харин урлагийн бүтээлийн үнэ цэнийг мэдэрсэн, дахиж үүнийг бүтээх боломжгүй  гэдгийг ойлгосон хүн бол хайрлаад л эхэлнэ.

Олон нийтэд сурталчилан таниулах ажлыг манай музейн захиргааныхан сүүлийн жилүүдэд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр төр засаг маань бодлоготой бас санхүүгийн чадамжтай болсон байна.  Бас төрийн бус байгууллага,  хүмүүс ч олон санаачилга гаргадаг. Монголын Урлагийн Зөвлөл олон нийт, тэр дундаа хүүхэд залуучуудад соёлын өвийн боловсрол олгох олон  төсөл хэрэгжүүлдэг. Энэ удаад Занабазарын бүтээлийг олон нийтэд сурталчилах, хадгалж, хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “Занабазарын нууц” хэмээх төслийг санаачлан, түүнийг нь М-Си-Эс Групп дэмжин ажиллаж байгаад би хувьдаа үнэхээр баяртай байгаа. Төслийнхөө хүрээнд соёл, урлаг сонирхогч хувь хүн, байгууллага, олон нийтийг хамарсан “Занабазарын нууц” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийд үнэлэгдсэн урлагийн бүтээлээ сурталчилан таниулах арга, ажиллагааг хэрэгжүүлэх гэж буй нь сайшаалтай.  Бусад компани хувь хүмүүс ч энэ санаачилгыг дэмжин ажиллах байх.

.

-Монголын музейнууд сан хөмрөг дэх бүх бүтээлээ дэлгээд үзүүлэх боломжгүй. Тухайлбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 20 мянга орчим бүтээлийнхээ дөнгөж 10 хувийг олон нийтэд үзүүлдэг шүү дээ?

-Манай музейнууд тийм л байгаа. Лениний болон Үндэсний музей л зориулалтын байртай. Бусад нь зориулалтын бус байранд байгаа. Анхнаасаа музейн зориулалтаар төлөвлөөгүй учраас багтаамжгүй, үзүүлэх харуулах боломжгүй нь ойлгомжтой. зориулалтын бус байранд хийчихсэн учраас багтаамж нь болохгүй байгаа. Занабазарын музей гэхэд их дэлгүүр байсан байшин. Анхны Өндөр хоршоо шүү дээ.

Гэхдээ Занабазарын музей байр савандаа баригдалгүй, олон нийтэд үзмэрээ сонирхолтой сэдэвчилсэн байдлаар хүргэх, үзэгчдийг татах олон арга хэмжээ зохиож буй нь сайшаалтай.  Бусад музей ч гэсэн олон улсын музейн өдрөөр олон нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулна гэж би сонссон.

.

Ж.Солонго

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Shuud.mn
Сонин хачин