
“Дайны эрсдэл сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа.
Тэдний “Дайны эрсдлийн сан” нэрээр угаасан нийт 2,1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум дансанд байсныг хууль хяналтынхан битүүмжилжээ. Зөвхөн Ц.Орхоны л гэхэд банкинд хадгалсан бэлэн 16 тэрбум төгрөгийг хураан авсан байна. Мөн холбогдогч нараас нийт Монгол Улсад байгаа 22 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Түүнчлэн гадаад байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн ч битүүжлэх боломжгүй байгаа аж. Учир нь тухайн улс орнуудтай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй нь саад болж байгаа гэнэ.
Дашрамд дурдахад, дээрх хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шүүхээр болсон билээ.
Д.Цэцэг