“Баялаг бүтээгчид” ажил олгогчдын зөвлөгөөн боллоо
2013-05-23

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, МСҮТ, АОЭЗХолбоотой хамтран “Баялгийг бүтээгчид” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах болон Ажил олгогч эздийн холбоо,  уул уурхайн компаниудын төлөөлөл, сумдын ажил олгогч нийт 200 төлөөлөгч оролцсон байна. Энэхүү зөвлөгөөнийг “Ажилтай орлоготой монгол хүн”, “Ажил орлоготой монгол хүн” гэсэн хоёр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж, аймгийн ажил олгогчдоос ажлын байрны захиалга авах, ажилд зуучлах, шинэ ажлын байр бүртгэх ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил мэргэлжлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлжээ.   Өдөрлөгийн үеэр Нээлттэй арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээгээр ажилд зуучлах үйлчилгээг шууд хүргэн ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг иргэдэд хүргэлээ. Тус арга хэмжээний хүрээнд 9 ажил олгогч байгууллагын 44 ажлын байрны захиалга авч,  ажил  мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг 60 гаруй иргэнд өгсөн ба 39 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн бөгөөд үүнээс 18 ажил хайгч иргэнийг тухайн цагт шууд ажлын байранд зуучилсан байна. Дорноговь аймгийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн байдал 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт  хүн ам 60.9 мянган  2011 оны жилийн эцсийн суурин хүн амаас 0.8 хувиар буюу 485 хүнээр нэмэгдэж, 2000 оноос хойш жилд дунджаар 8.74 хувиар өсчээ. Үүнээс  40,3 буюу 66.2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаагийн  14,2 хувийг Сайншанд сум, 10.2 хувийг Замын-Үүд сум эзэлж байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээл дээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1143 ажилгүй иргэн  бүртгэлтэй байгаа ба одоогийн байдлаар 280 нь байнгын ажлын байранд зуучлагдсан байна. Ажилд зуучлагдсан өмчийн хэлбэрээр нь авч үзвэл Төрийн өмчийн оролцоотой байгууллага аж ахуй нэгжид 47 иргэн, орон нутгийн өмчийн аж ахуй нэгжид 22 иргэн, хувийн хэвшлийн аж ахуй нэгж ХХК-нд  70 иргэн ажилд зуучлагджээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин