Ногоон нийтийн тээврийн төслийг танилцуулна
2013-05-23

  Ногоон нийтийн тээврийн стратеги төслийн эцсийн танилцуулга болно. Төслийг Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Ногоон хөгжлийн институттэй хамтран зохион байгуулж, ийнхүү үр дүнг хэлэлцэх семинар өнөөдөр 13.00 цагаас BLUE SKY төвд болно. Семинарт Монголын талаас 30 гаруй төлөөлөгч, Солнгосын талаас 10 гаруй төлөөлөгч оролцож, төслийн үр дүнг хамтран хэлэлцэх юм. Улаанбаатар хотын хувьд өдөрт ялгарах тоосонцорын дундаж хэмжээ ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс даруй 70-80 дахин их байгаа нь тогтоогджээ. Хотын агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Өнгөрсөн 20 жилд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, Улаанбаатар хотод 330 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Одоо Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгслийн 2.1 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдийн бараг 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Гэвч Улаанбаатар хотын автобусны ихэнх нь дизель хөдөлгүүртэй болохоор агаарыг ихээхэн бохирдуулж байна. Цаашлаад, иргэдийг нийтийн тээврээр илүүтэй зорчихийг дэмжсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний менежментийн үр нөлөө бүхий стратеги хараахан боловсруулагдаагүй байна. Энэхүү төслийг боловсруулах ажил нь Монгол улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа юм. “Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-т Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд экологийн цэвэр нийтийн тээврийн систем нэвтрүүлнэ гэж заажээ. Энэхүү хөтөлбөрт 800 том оврын автобус, 1500 бага оврын автобусны дизель хөдөлгүүрийг байгаль орчинд ээлтэй түлшээр ажиллуулж, хорт бодисын ялгаруулалтыг багасгахаар тусгасан аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин