Ахаа цагийн 50 ш тээ
2013-05-24

 

 

 

Биеэ үнэлэхийг зохион байгуулдаг 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан гэсэн мэдээ байна. Нийгэмд тодорхой асуудал бий болгож зохицуулалт шаардаж эхлээд байгаа нэг бүлэг бол биеэ үнэлэгч нар.

Социализмийн гэх үед маш нууц байдалд гадаад хэлтэй тухайн үедээ барууны амьдралын ойлголттой нэлээн боловсролтой хэсгийн хүрээнд цөөхөн тоотой байсан биеэ үнэлэх явдал ил гараад удаж байна. Нэгэнт өөрсдийнх нь хувьд биеэ үнэлэх нь амьдрах арга, нэг төрлийн бизнес юм болохоор үйлчлүүлэгч  нараа татах “ажил”-аа ашиг орлоготой байлгах янз бүрийн арга бий.

.

Биеэ үнэлэгчид эгнээ зэрэглэлээ улам бүр нэмсээр байгаа гэж болно. Тэд сүлжээний, буудал сауны, гээд олон зэрэглэл түвшний хүрээнд байдаг бол олны хөлийн газраар эргэлдэж ямарч архичин, алуурчин, садист нөхөртэй таарч амь насаа алдах эрсдэлтэй алхмыг өдөр тутам хийж явдаг хэсэг байна. Тэгээд ч нууж хаах юмгүй ил гудамжинд л байж байх тул цагдаа болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын анхааралд байнга өртөж сар улирлаар зохиогддог “шөнийн эрвээхэй”, “дулааны улирал ба биеэ үнэлэгч нар” гэх зэрэг нэгдсэн нэгдсэн арга хэмжээ баривчилгааны бай болно. Бас энэ талын янз бүрийн судалгаа, статистик мэдээний гол судлагдахуун болно. Ер нь бол энэ л жижиг буудал хөлийн газар эргэлддэг хэдийн дундаас гаргасан тоо судалгаагаар баримжаалж биеэ үнэлэгчдэд тавих хяналт үйл ажиллагаа хэмжигдэж, мэдээлэгдэж байдаг гэхэд хилсдэхгүй.

.

Манай улсын хэмжээнд 18 мянга орчим бие үнэлэгч байдгаас Улаанбаатар хотод тал нь амьдардаг гэсэн судалгаа нэлээн дээхнэ гарч байжээ. Энэ нь бараг л өнөө ил цагаан яваад амь насаа алдаж гэмт хэрэг халдлагын золиос болчих гээд байдаг хэдийг л тойрсон тоо болов уу. Мэдээллийн хэлбэр, төрөл асар хурдтай нэмэгдэж байгаа энэ үед интернет орчноор охидууд биеэ үнэлж хэд нь хүний наймааны золиос болох сүлжээ рүү хөл хальтарч байгааг яаж хянаж байгаа вэ гэж асуумаар байгаан.

.

Саяхан орос ч билүү гадаадын хэсэг иргэн манай Улаанбаатарт 16-20 насны охидыг биеийг нь үнэлүүлж байсан нь “гэнэт” илэрч хэвлэлээр шуугиад өнгөрсөн. Цагдаад шалгагдаж байгаа сураг дуулдсан. Энэ нь биеэ үнэлэгч төдийгүй түүнийг зохион байгуулдаг, зуучилдаг, нэг бол дарамтлах замаар биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг явуулж байгаа зохион байгуулалттай бүлгүүд өргөжиж буйг томоор харах хэрэгтэй болоод байгааг харуулсан явдал.

.

Манай улсад биеэ үнэлж, явалдах, зохион байгуулахыг хуулиараа хориглодог. Үйлчлүүлэгчийг нь олж өгөөд 10-15 охидуудыг цагт 20-40 мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлж суудаг парацит нөхдүүдийг “35.000-50.000 төгрөгөөр торгох ...” гэсэн хуулийн заалт өмнө минь байна. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөв­дүгээр зүйлд “Биеэ үнэлж явалдах, биеэ үнэ­лэхийг зохион байгуулахыг хориг­лох, Биеэ үнэлж, явалдахыг хориглоно, Биеэ үнэлж явалдах нөхцөлөөр хангаж, зочид буудлын өрөө, гэр, орон сууц, тусгай байр, тээврийн хэрэгслээр зориуд үйлчлэх, зуучлахыг хориглоно” гэж заажээ. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35-50 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-15 хоногийн хугацаагаар баривчлах, аж ахуйн нэгж, байгууллагыг 100-250 мянга хүртэл төгрөгөөр торгох буюу биеэ үнэлэх газрын зориулалтаар ашигласан зочид буудал, цэнгээний газрыг хаах, биеэ үнэлж явалдахад тээврийн хэрэгслээр зориуд үйлчилсэн бол тээврийн хэрэгслийг хураах гэсэн байна.

.

Хуулийн салбарт шинэчлэл эхэлж олон хууль засагдаж байгаа гэсэн. Түүнд энэ хууль багтаж өөрлөгдөж байгаа болов уу  л гэж найдаж байна. Манайд ер нь хууль журмуудыг шударга ёс талд нь засаж сэлбэхгүй бол хэцүү болсон нь олон зүйлээс харагдаж байна. Сард  тэрбум төгрөг олдог компанийг 300,000 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг Магнай дарга газар дээр нь гаргаж байгаа бол биеэ үнэлэхийг зохион байгуулсан буудлын эзэн мөн л нэг шөнийнхөө хууль бус олсон ашгаар хуулийн дагуу торгуулаад цааш нь өнөөх ажлаа хийгээд байж болох нь.

.

Ер нь зарим зөрчил хэрэгт авагдах арга хэмжээ торгууль нь тухайн иргэн хуулийн этгээдийн олсон ашгийн нэг юм уу 10 хувьд оногдох харьцаатай явагдаад байгааг юу гэж тайлбарсан нь дээр бол. Нэгэнт ашиг олж амташсан хүн түүнийхээ 10 хувиар торгуулаад  хаширч гэмшиж цаашид энэ байдлаа зогсоох болов уу. Биеэ үнэлэх явдал зохион байгуулалтад орохын цаана хүний наймааны сүлжээ торлон өргөжих хөрс суурь тавигдаж байгаа. Ашиг унацаараа  хар тамхины наймааны дараа орж байгаа гэх хүний наймаанд хүнээ сугалуулаад байхгүйн тулд энэ төрлийн биеийг нь үнэлүүлэх буудал нөхцөлөөр хангах замаар татаас авч  буй хэргийг садар самууныг зохион байгуулагч гэж хардаг хандлагаа өөрчилж оногдуулах шийтгэлийг ч эргэж хармаар болсон байна. Нэг хэсэг Ч.Сайханбилэг дарга комментчдийг хянаж нэр хаягаар илрүүлнэ гэж айлгасан. Харин  интернэт зар түгээн, сүлжээгээр охидыг минь боолчилж байгаа гадныханд, биеийг нь үнэлүүлж ашиг олоод тансаглаад байгаа парацитуудад хяналт тогтоох ёстой болоод байна.

.

Ер нь хэнийг биеэ үнэлэгч гэж үзэх вэ гэдгийг ч бодох ёстой. Хэдэн хүний хүрээнд явдаг  оюутан гэх үнэмлэх өвөртөлсөн автобусанд хөнгөлөлттэй зорчдог “Ахаа цагийн 50 ш тээ...” гээд явж байгаа охидыг юу гэж нэрлэвэл зөв бэ. Биеэ үнэлэгч үү, хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэгч үү... Мөнгө олж байгаа арга хэлбэр нөгөөх “Мотелд” байгаа хэдтэй яг адил, цаг хугацаатай үнэлгээтэй.

.

П.Баярхүү /Тоймч /

Shuud.mn
Сонин хачин