“Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй” үзэсгэлэн гарна
2013-05-24

 

Шаардлага хангасан ундны ус хэрэглэх, ариун цэврийн байгууламжаар хангагдах нь хүний эрх, эрүүл мэндэд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг хэдий ч манай улсын хувьд хараахан шийдвэрлэгдээгүй хөндүүр асуудал хэвээр байна. Одоогийн байдлаар нийслэлийн гэр хорооллын өрхийн 60 хувь нь бие засах газраа өөр айлтай хувааж ашигладаг, 5 хувь нь огт бие засах газаргүй, хөдөөд ердөө 30 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглаж байна. Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, ил задгай хог хаядлын уршгаар гүний ус бохирдож, энэ нь эргээд хүн амын олон өвчлөлийн суурь шалтгаан болж байна. 2015 он гэхэд Монгол Улс эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан ч биелэхээргүй төлөв харагдаж байна гэж олон улсын байгууллагаас дүгнэжээ.

Бохир, шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан олон төрлийн өвчлөл, нас баралтын эдийн засгийн мөнгөн дүнг тооцвол хүн бүрт 8 ам.доллар буюу улсын хэмжээнд жилд 26 сая ам.долларын зардал гардаг байна. Нөгөө талаас, ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.доллар тутам 5.5 ам.доллар болонөсч үр ашгаа өгдөг аж.

Хувь иргэн, өрх айлын бэрхшээл төдийгөөр өнгөцхөн дүгнэх аргагүй, улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндтэй холбоотой энэ суурь асуудлыг цогц бодлогоор шийдвэрлэхээр Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр ариун цэвэр, эрүүл ахуйн мастер төлөвлөгөө боловсруулж эхлээд байна.

Энэ ажлын хүрээнд ард иргэддээ ариун цэврийн байгууламжийн орчин үеийн шийдлүүдийг танилцуулах, зөв мэдлэг мэдээлэл өгөх үүднээс “Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй” сэдэвт сурталчилгааны үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 25-28-нд Тусгаар тогтнолын талбайд олон нийтэд нээлттэй байж, орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг танилцуулна. Нийт айл өрхийн ариун цэврийн байгууламжийг бүхэлд нь шийдвэрлэх боломжгүй өнөөгийн нөхцөлд ард иргэдийн зөв дадал хэвшил, хэрэглээний сонголт чухал. Иймд энэ удаагийн үзэсгэлэнд агааржуулагчтай, байгаль орчинд ээлтэй, зөөврийн бие засах газар, хогийн сав, угаалтуурын загваруудыг иргэд, айл өрхийн хэрэглээнд санал болгох юм. Үзэсгэлэнг Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын салбар агентлагууд хамтран зохион байгуулж, олон улсын болон дотоодын иргэний нийгэм, хувийн секторынхан оролцож байна гэж

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин