Гадаадад амьдарч буй монголчууд өнөөдрөөс сонгууль өгнө
2013-06-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар 6 сарын 14-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэд анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхийг эдлэнэ. Харин саналын хуудсыг энэ сарын 26-ний өдөр тоолох юм байна.

Энэ талаар “Онлайн Парламент”-д Европ тивд суугаа Монголчуудаа төлөөлөн сонгогдсон “Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Билгүүнээс тодрууллаа.

-2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт хэдэн хүн санал өгөхөөр “Онлайн Парламент”-д бүртгүүлээд байна вэ?

- Гадаадад амьдарч буй Монгол улсын иргэд маань хоёр дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. 2012 оны УИХ-н сонгуульд 4329 иргэн бүртгүүлж байсан бол 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 6494 иргэн бүртгүүлсэн байна. Энэ удаагийн сонгуульд хуульд заасны дагуу гадаад дахь монголчууд өнгөрсөн тавдугаар сарын 5-30 ны өдрүүдэд нийт 39-н Дипломат төлөөлөгчийн газруудаас өөрийн харъяалагдах аль ойр газарт биечлэн ирж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх ёстой байсан.  Санал өгөх өдрийг хуулийн дагуу 6 сарын 14-16-ны өдрүүд гэж тогтоосон бөгөөд сонгогчид нь Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж санал өгөх үүргийг хүлээж буй юм. Хэрэв албан бус тоогоор 200.000 Монголчууд гадаадад амьдардаг гэж үзвэл тэдний зөвхөн гурван хувь сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Энэ тоо санал өгсний дараа буурах магадлал бий. Яагаад гэвэл өнгөрсөн онд УИХ-ын сонгуулиар 4276 иргэн бүртгүүлснээс 2777 иргэн саналаа өгсөн. Энэ нь нийт сонгогчдын зөвхөн нэг хувь нь л сонгуульдаа оролцсон байдаг. Энэ онд, санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо өссөн  харагдаж байгаа хэдий ч энэ бол маш чамлалттай тоо. Тиймээс сонгууль өгөх өөр арга замуудыг хайх хэрэгтэй.

-Жишээлбэл?

-Манай улстай хүн амын тоогоор ижил төстэй буюу 1,2 сая гаруй хүн амтай Эстони улсад л гэхэд 2011 оноос гар утсаар буюу интернэтээр парламентийн сонгуульд оролцох боломжийг нэвтрүүлсэн байна. Зөвхөн манай улсын Дипломат төлөөлөгчийн газрууд байдаг 39 орноос өөр олон оронд ч гэсэн сонгууль өгөх хүсэл, сонирхолтой олон монголчууд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Герман, Америк мэтийн өндөр хөгжилтэй оронд аль 50, 60 жилийн тэртээгээс “шуудангаар сонгууль” өгөх тогтолцоо нэвтрүүлсэн байдаг. Анх хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон, гадаадад суугаа иргэдийнхээ санал өгөх боломжийг бүрдүүлэх зорилготой нэвтрүүлсэн боловч иргэдээ сонгуульд идэвхитэй оролцуулах зорилгоор бүх хүнд энэ боломж нээлттэй болсон байна. ХБНГУ-д 2009 оны сонгуульд л гэхэд сонгогчдын 21% нь шуудангаар саналаа өгсөн байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин