“Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлаа тодорхойлох, тэдгээр асуудлаа шийдвэрлэхийн тулд цаашид хийх ажлын зөвлөмж боловсруулах зорилгоор “Сэргээн засах тусламж, үйлчилгээний анхдугаар чуулган”-ыг 2012 оны 10 дугаар сараас 18-19-ний өдрүүдэд АИФО ТББ, ДЭМБ-ын санхүүжилттайгаар нийслэл болон хөдөө, орон нутагт сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, хэрэглэгчдийн дунд зохион байгууллаа.
2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрдэм шинжилгээний онол, практикийн хурал”-ыг Япон Монголын төвд зохион байгуулах үеэр Японы Гүнма их сургуулийн доктор, профессор М.Сакамато “Сэргээн засах анагаах ухааны орчин үеийн чиг хандлага, бие бялдар хөдөлгөөн заслын хөгжил” илтгэлийг тавьсан юм. Мөн урьдчилан сонгон шалгаруулсан 10 илтгэлийн хэлэлцүүлгийг хийж, тэргүүний 3 илтгэлийг шалгаруулснаас Баянзүрх дүүргийн ЭМН-ийн их эмч Д.Мөнх-Учрал, ЭХЭМҮТ-ийн их эмч Б.Пүрэвсүрэн, Геронтологийн үндэсний төвийн их эмч М.Энхбаяр нарын илтгэл шилдгээр, мөн 10 ханын илтгэлийн хэлэлцүүлэг хийснээс УНТЭ-ийн их эмч Д.Батлхамын илтгэл шилдгээр тус тус шалгарлаа. Эрдэм шинжилгээний онол практикийн хуралд оролцогчдод тус хуралд ирүүлсэн илтгэлүүдийг хэвлүүлсэн “Монголын бие бялдар сэргээн засах анагаах ухаан” сэтгүүлийг өглөө.
Тус өдөр “Сэргээн засах тусламж, үйлчилгээ - өнөөдөр” сэдэвт үзэсгэлэнг Япон Монголын төвд зохион байгуулж сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд, шинэ эм, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгааг хийж, нийт 19 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу харилцан туршлага солилцлоо.
2012 оны 10 сарын 19-ний өдөр Төрийн ордоны их танхимд “Сэргээн засах тусламж үйлчилгээний анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Э.Дөлгөөн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, ЭМ-ийн сайд Н.Удвал, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ДЭМБ-ын сууурин төлөөлөгч Р.Виват, АЙФО ТББ-ын суурин төлөөлөгч Д.Тулгамаа, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Нарантуяа, ХАХНХЯ-ны мэргэжилтэн Ч.Ганбилэг, ЭМЯ-ны дэргэдэх Ахмад настан, сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Р.Оюунханд мөн бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Чуулганы үйл ажиллагаанд Ерөнхий сайдын мэндчилгээг ерөнхий сайдын зөвлөх Э.Дөлгөөн, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ДЭМБ-ын сууурин төлөөлөгч Р.Виват, АЙФО ТББ-ын суурин төлөөлөгч Д.Тулгамаа ХАХНХЯ-ны мэргэжилтэн Ч.Ганбилэг нар мэндчилгээ дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн салбарын хөгжилд Сэргээн засах тусламж, үйлчилгээний эзлэх байр суурь, цаашид тавих зорилт”, ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Говинд “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх талаар ДЭМБ-аас баримталж буй бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тус чуулганы үеэр сэргээн засах тусламж, үйлчилгээг хүн амд хүргэж, энэ салбарт үр бүтээлтэй, тууштай байж, хамт олноо хошуучлан амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байгаа Авирмэдийн Балжинням, Лхагважавын Энхбуянт, Сампилын Цэрэндаш, Галбаярын Нанзаддулам, Цулбуурын Эрдэнэ, Доржийн Юмсүрэн нарыг ЭМЯ-ны жуух бичгээр, Дамдинсүрэнгийн Тулгамаа, Дэнзэнгийн Түвшинзул, Баяртогтохын Цолмон, Цэндсүрэнгийн Мөнхжаргал, Ширмэнгийн Батчимэг, Манжаагийн Ичинхорлоо, Дашзэвэгийн Лхагвадулам, Түмэнбаярын Батдулам, Бэгзсүрэнгийн Ичинхорлоо, Балдангийн Тогооч, Загдсүрэнгийн Чимэдцэрэн, Жамъянжавын Мөнхсайхан нарыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар тус тус шагнав.
Хөтөлбөрийн дагуу “Сэргээн засах эмчилгээний өнөөгийн байдал” сэдэвт баримтат киног үзүүлсний дараа ЭМЯ-ны дэргэдэх Ахмад настан Сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Р.Оюунханд “Эмнэл зүйн сэргээн засалт, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл, ЭМЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн Б.Нарантуяа “Хамт олонд түшиглэсэн сэргээн засах хандлага” сэдэвт илтгэлээ тус тус танилцуулсан.
Анхдугаар чуулганы үйл ажиллагаанд нийт 848 хүн оролцох хүсэлтээ илэрхийлж бүртгүүлснээс МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, ЭМЯ, ДЭМБ8 ХАХНХЯ, Боловсролын яам, Хөдөлмөрийн яам, Улсын Мэргэжлийн хяналтын газар, ЭМЯ-ны харъяа тусгай мэргэжлийн төвүүдээс (Геронтологийн үндэсний төв, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, ЦССҮТ) 66, НЭМГ-ын харъяа байгууллагуудаас (НЭМГ, 9 дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, I амаржих газар, II амаржих газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Хонхор тосгон, Жаргалант тосгон) 70, 21 аймгаас 95, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Улдаанбаатар хот, 21 аймгийн зохицуулагч гишүүд 90, сэргээн засахын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлгээс 71, Оргил, Ар өвөр жанчивлан, Хасу шивэрт, Шаргалжуут, Хужирт зэрэг 12 рашаан сувиллаас 48, СЗҮТ-өөс 24, сэргээн засахын чиглэлээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан настан 32, ЭМШУИС-ийн сэргээн засахын резидент эмч 20, ЭМШУИС-ийн Технологийн сургуулийн хөдөлгөөн засалч, ахуй засалчийн ангийн төгсөх курсын оюутан 24, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хөгжлийн брэхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо зэрэг 25 ТББ-ын төлөөлөл 36, нийт 700 гаруй хүн оролцлоо.
Чуулганы төгсгөлд бичгээр 6 санал, аман 16 санал, асуумжийн 92 саналыг нэгтгэхэд:
- Чадвар алдалтын үнэлгээнд ICF ангиллыг нэвтрүүлэх
- Хэлгүй дүлий хүмүүст зориулсан ном гаргах
- Эмнэлэгт Сэргээн засахын багийг цогцоор нь ажиллуулахад анхаарах
- Сэргээн засахын мэргэжлийн карт өөрчлөн гаргах
- Гадны орны шилдэг туршлагыг хэрэгжүүлэх
- Сэтгэлзүйч, согог залчийг бэлтгэх
- Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны нөхцөлийг анхаарах
- Чийрэгжүүлэлтийн төв байгуулах
- Рашаан сувиллын газруудыг боловсронгуй болгох
- Хөдөлгөөн засалчийг бүх байгууллагад оруулах, аймаг сум дүүрэгт жигд хүртээмжтэй ажиллуулах
- ХБИ-дийн дуу хоолойг сонсож байх
- Эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх
- Вакцины чанарыг сайжруулах
- Тэтгэвэрт гарах насыг бодлогын чанартай тусгаж өгөх зэрэг асуудлуудыг түлхүү авч үзсэн байна.
Түүнчлэн чуулганы эхэнд тусгайлан боловсруулсан саналын хуудас тарааж чуулганаас гарах шйидвэрийг нэгтгэхэд “Сэргээн засах тусламж үйлчилгээний анхдугаар чуулган”-д 700 гаруй хүн оролцсоноос 526 хүн санал өгсөн байна. Үүнд:
- Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн орчны хувьд:
- Салбар хоорондын уялдаа холбоог хангасан Засгийн газрын тогтоол шийдвэр гаргах:
- Үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлагатай: тийм- 90,7 / үгүй- 9,3
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц үйл ажиллагааны стандарт боловсруулан батлах: тийм- 92, 6 / үгүй-7,4
- Хүний хөгжил, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох үйл ажиллагааг сэргээн засах тусламж, үйлчилгээтэй уялдуулах бодлогыг боловсруулах: тийм- 98,1 /үгүй- 1,9
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдлага, бүтэц зохион байгуулалтын хувьд:
- Салбар хоорондын уялдаа холбоог хангасан мэргэжил арга зүйгээр удирдах үндэсний төвийг ХАХНХЯ-ны харъяанд байгуулах: тийм- 89,3 /үгүй- 10,7
- Мэргэжил арга зүйгээр удирдах үндэсний төвийг ЭМЯ-ны харъяанд байгуулах: тийм- 92,4 /үгүй- 7,6
- Сэргээн засах тусламж, үйлчилгээний чанарын хувьд:
- Сэргээн засах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр оношлогоо, эмчилгээний стандартыг боловсруулан батлуулах: тийм - 90,8 / үгүй - 9,2
- Сэргээн засах тусламж, үйлчилгээнд мөрдөгдөх бүртгэл мэдээлэл үнэлгээний баримт бичгийг шинэчлэн боловсруулж баталгаажуулах: тийм 78,3 /үгүй – 11,7
- Үйл ажиллагаанд шаардагдах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, ангилал, эмнэлзүйн хөтөч зэргийг нэвтрүүлэх: тийм-98,1 /үгүй-1,9
- Сэргээн засах тусламж, үйлчилгээний хүний нөөцийн хөгжлийн хувьд:
- Хүний нөөцийн хөгжлийн бодлогыг салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах түвшинд боловсруулан гаргах: тийм–90,9/үгүй-9,1
- Үндсэн ба төрөлжсөн мэргэжил олгох төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрийн төрлийг нэмэгдүүлэх: тийм-88, 6/үгүй-11,4
- Сэргээн засах тусламж, үйлчилгээний тоног төхөөрөмжийн хангамжийн хувьд:
- Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулан баталгаажуулах: тийм-98,3/үгүй-11,7
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэгдсэн засварын газрыг хот, бүс нутгуудад байгуулах: тийм-92,7/үгүй-7,3
- Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрдэм шинжилгээ судалгааны хувьд:
- Салбар хоорондын хамтын ажиллагааг эрдэм шинжилгээ судалгааны ажлын төсөл хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийхэд нэгтгэн явуулах: тийм-98,2/үгүй-1,8
- Сэргээн засах тусламж, үйлчилгээний эрдэм шинжилгээ судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох: тийм-86,4/үгүй-13,6
Эдгээр бүх саналуудыг нэгтгэн хурлын удирдагч Д. Мөнхбат дүгнэж
- Эрүүл мэндийн салбарын түвшинд хагжлийн бодлогод халбогдох саналуудыг тусган хэрэгжүүлэх,
- Мэргэжлийн салбар зөвлөлийг яаралтай хуралдуулж, бүтэц, хагжлийн асуудлыг хэлэлцэх,
- Салбар бүрт саналын дагуу зөвлөмж хүргүүлэх,
- Салбар хоорондын уялдаа холбоог хангах төрийн баримт бичиг гаргах тухай Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэйг тэмдэглэв.
Чуулганаас гаргасан шийдвэр:
- Салбар бүрт зөвлөмж хүргүүлэх
- Салбар хоорондын уялдаа холбоог хангах төрийн баримт бичиг гаргах