Монгол-Британийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн уулзалт болов
2012-11-06

Монгол Улс болон Их Британи Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцох үйл ажиллагааг зохион байгуулахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Их Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кристофер Стюарт нар харилцан тохиролцож байсан билээ.

Эхний ээлжинд Их Британи Улсын эрүүл мэндийн салбарын 5 мэргэжилтэн бүхий судалгааны баг Монгол Улсад ирж ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зөвлөгөөн Эрүүл мэндийн яаман дээр зохион байгуулагдлаа.

Уулзалт зөвлөгөөнд Элчин сайд ноён Стюарт, Их Британи Улсаас ирсэн мэргэжилтнүүд, ДЭМБ болон АХБ-ны суурин төлөөлөгчид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлсний дараагаар Элчин сайд ноён Стюарт ирсэн төлөөлөгчдийг танилцуулан, айлчлалын зорилго болон хоёр улсын эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

Үүний дараагаар Их Британи Улсын төлөөлөгчид тус улсын эрүүл мэндийн үзүүлэлтүүд, эрүүл мэндийн салбарын тухай, эрүүл мэндийн салбарын засаглал ба санхүүжилт, хүний нөөцийн асуудлууд болон эм, эмийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, харилцан ярилцав.

Зөвлөгөөний хоёр дахь хэсэгт ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл эрүүл мэндийн тогтолцоо болон шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Эвлэгсүрэн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн С.Алтанбагана анхан шатны болон сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар тус тус илтгэл тавьж, харилцан ярилцаж, санал солилцлоо.

Зөвлөгөөний төгсгөлд Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг зөвлөгөөнийг харилцан мэдээ, мэдээлэл, туршлага солилцсон чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглээд, хоёр улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалтыг тогтмол зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Shuud.mn
Сонин хачин