Түймрийн эрсдэл ихтэй хилийн дагуу зурвас байгуулна
2013-06-18

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай 2013-2016 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан бөгөөд гэрээнд тусгагдсан ажлууд амжилттай хэрэгжиж байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд Сэлэнгэ, Хэнтий аймгийн түймрийн эрсдэл ихтэй улсын хилийн дагуу 10 метр өргөн, 150 км урт түймрээс хамгаалах зурвас байгуулах гэрээг байгуулжээ.

Харин өнөөдөр гал түймрийн эрсдэлтэй газар нутагт байрладаг хилийн застав, салбар нэгжүүдийн галын аюулаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНХЯ-наас түймрийн тархалтыг хориглох, унтраах зориулалттай таван нэр төрлийн 75 ширхэг, нийт 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  багаж хэрэгслийг Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөв.

Энэхүү үйл ажиллагааг нээж БОНХ-ийн Сайд С.Оюун хэлсэн үгэндээ “Бидний ажлыг дэмжиж, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Энэ хаврын гал түймрийн стастистик тоо урьдчилсан байдлаар гарсан. Хэдийгээр 120-иод түймэр гарч, тэдгээрт  2.2 сая га газар, 4.5 мянган га ой, 2.1 сая га бэлчээр нутаг өртсөн ч өнгөрсөн оны мөн үеийн түймрийн статистик үзүүлэлттэй харьцуулахад  нааштай мэдээ гарлаа. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт түймрийн тоо 13.7%, ойн түймэрт шатсан талбай 98.5 хувь, хээрийн түймэрт шатсан талбай 52.6 хувиар тус тус буурчээ.

Түймрээс урьдчилан сэргийлэхэд зөвхөн байгаль орчин, онцгой байдал эрхэлсэн байгууллагуудын асуудал биш, орон нутаг болоод байгаль орчинтой харьцаж үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хүн бүрийн оролцоо  чухал. Байгалиа хамгаалах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдээ соён гэгээрүүлэхэд салбарын яамнаас анхаарч байна” гэдгийг онцлов. С.Оюун сайд цааш нь түймрээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын 106-р тогтоол, БОНХ-ийн Сайдын 2013 оны 01 тоот албан даалгавар  хэрэгжиж, яамны дэргэд түймрээс урьдчилан сэргийлэх шуурхай зохицуулалтын алба, орон нутагт түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөл байгуулж,   түймрийн аюулын зэрэгтэй уялдуулан эргүүл, харуулыг тогтмол ажиллуулж, сургалт хийх, зурвас гаргах зэрэг оновчтой ажлуудыг ч зохион байгуулж байгаа хилчдэд дуулган “Эрхэм хилчид та бүхэнтэй хамтран 2016 он дуустал улсынхаа  торгон хилийн ихэнх хэсгийг  зурвасжуулан хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав “БОНХ-ийн Сайд С.Оюун Хил хамгаалах байгууллага дээр хүрэлцэн ирж, бидний ажлыг дэмжиж байгаад баяртай байна. Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой удахгүй болно. Түүхт энэ ойн өмнө газар нутгаа хамгаалах, бүрэн бүтэн байлгах үүргийг хүлээдэг хилчид маань байгаль орчноо хамгаалах хүндтэй үүргийг хүлээж байна. Манайд хилийн 140 гаруй застав бий. Бид байгалиа хамгаалах энэ үйлсэд хүчин зүтгэх болно” гээд Сайд С.Оюунд “Хилийн төлөө” хүндэт тэмдэг зүүж өглөө.

БОНХЯ 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Байгаль орчны багц хуулинд  түймрээс урьдчилан сэргийлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж, түймрээс сэргийлсэн  орон нутгийн Засаг дарга нарт урамшуулал олгож байхаар болсон.  Үүний нэгэн адил Хилийн заставын дарга, офицеруудыг  урамшуулдаг болох тэдэнд байгаль хамгаалагчийн үнэмлэх олгох боломж ямар байдаг талаар  Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд асууж, санал бодлоо солилцов.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Saraa:
saihan arga hemjeeboljee
2013-08-18