Худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдлээ
2011-11-17

Ардын хувьсгал ялсан 1921 онд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн хамаг хэргийн яамны дэргэд байгуулснаар Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүссэн гэж үздэг. Эдүгээ энэ салбар 90 жилийнхээ босгон дээр иржээ. Уг ойд зориулсан худалдаа эрхлэгчдийн улсын дөрөвдүгээр зөвлөлгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Зөвлөлгөөнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон, нээж хэлсэн үгэндээ “ Та бид өнөөдөр энэ салбарын баярыг тэмдэглэж, амжилт ололт, алдаа оноо, хэтийн төлөвийг нь хэлэлцэж байна. Монгол улсын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн шатандаа ирсэн энэ цаг үед худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлье. 1990-ээд оны эхэн үед дэлхийн 20-иодхон улстай 200 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг байсан  Монгол улс өнөөдөр 20-иод жилийн дараа дэлхийн 140 гаруй улстай арваад тэрбум ам.долларын худалдаа хийдэг боллоо. 2003 онд 3878 аж ахуйн нэгж, 9352 хүн гадаад худалдаанд оролцож байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 6729 аж ахуйн нэгж, 9770 хүн болж өсчээ. Ингэж манай улсын худалдааны салбарын хүрээ өргөжин тэлж, дэлхийн ертөнцийг өнцөг булан хүрч үйл ажиллагаагаа бэхжүүлж өсөн дэвжихэд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Гадаад худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, олон улсын худалдаанд мөрддөг бусад боломжуудыг ашиглах замаар худалдааны салбараа хөгжүүлэх асуудалд миний бие Үйлдвэр худалдааны болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ихээхэн анхаарсан. Өнөөдөр ч миний анхаарлын төвд байна. Гадаад зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг таатай нөхцлөөр гаргах, тааламжтай орчин бүрдүүлэх зорилгоор Европын холбооны зах зээлд монголын гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг миний бие миний бие 2005 онд хийж хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан.Энэ боломжийг манай улс 2013 он хүртэл ашиглах ёстой. Саяхан манай Засгийн газар Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүнийг үр дүнтэйгээр ажил хэрэг болгох учиртай. Худалдааны салбар өргөжин тэлэхийн хэрээр шинэ хүндрэл бэрхшээл, яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлууд урган гарах боллоо. Тиймээс Засгийн газар худалдааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хувь хэмжээг нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хурдтай, оновчтой шийдвэр гаргахыг үүрэг болгон ажиллаж ирлээ. Мөн худалдааны салбарын хууль, эрх зүйн орчинг улам сайжруулах ажлын хүрээнд “Худалдааны тухай хууль”, “ Гадаад худалдаанд төрөөс бармтлах бодлого”, “ Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Манай Засгийн газар томоохон худалдааны үйл ажиллагааг дэмжихээс гадна жижиг, дунд худалдаа үйлчилгээний салбарт ч ихээхэн анхаарч ирлээ. Сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг 280 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон. Үүний 8 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг худалдаа, үйлчилгээний салбарт өгсөн. Цаашид ч гэсэн жижиг, дунд худалдааны салбарыг бодитойгоор дэмжих болно. Ер нь худалдааны таатай орчинг төр засаг нь бүрдүүдж, бизнес эрхлэгчид нь бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Тиймээс худалдааны салбарын хөгжилд бизнес эрхлэгчдийг илүү үүрэг оролцоотой, санаачилгатай оролцоосой гэж хүсч байна. Худалдааны системийг хөгжүүлэхгүйгээр, олон улсын худалдааны соёл, мэдлэгээс суралцахгүйгээр, худалдаа эрхлэгч мэргэжлийн хүн хүчгүйгээр бид үсрэнгүй хөгжлийн зорилтоо биелүүлэх боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа бүхий л асуудлыг системтэйгээр шийдвэрлэж хөгжилд хүрэх нь бидний зорилт ” хэмээн тэмдэглэн хэллээ. Худалдаа эрхлэгчид маань түүхэн 90 жилийн хугацаандаа гурван удаа ийм томоохон зөвлөлгөөнийг хийсэн бөгөөд, энэ удаагийнх нь 30 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм байна. Тус Худалдаа эрхлэгчдийн дөрөвдүгээр зөвлөлгөөнд аймаг, нийслэл, Улаанбаатар хотоос 800 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, салбарынхаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашдын зорилтынхоо талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин