Эрх мэдэл бол нийтийн эрх ашиг...
2011-11-17

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг албан буюу НӨТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн. Үүний дараа өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Уг хуулийн төслийг УИХ, 2010 оны сүүлээр хэлэлцэхээр шийдсэн ч өнгөрсөн сарын 19-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлэгийг хийж ийнхүү өнөөдрийн хуралдаанд санал дүгнэлтээ танилцуулан хуралдаанд оролцсон гишүүдээр зарим зарчмын зөрүүтэй саналууд гаргасанаа хэлэлцүүллээ. Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Я.Батсуурь, Х.Баттулга, Л.Гантөмөр, С.Оюун, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Д.Энхбат нарын гишүүд Засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлагыг үндэслэн эдгээр хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж зарим нэр томъёо болон ойлголтын талаар тодруулга хийв. Тухайлбал: Хууль санаачлагчдаас С.Бямбацогт гишүүн “Төрийн алба” гэсэн нэр томъёог “Нийтийн” гэсэн нэрээр солих гээд байгаагийн учрыг асуухад Х.Тэмүүжин гишүүн, Бид төрийн алба гэж нэрлээд сурчихсан. Энэ бол социализмын үеийн нэр томъёо. Төрийн алба гэдгийг хүнд, иргэнд үйлчилдэг гэхээс илүү иргэнийг айлгадаг, ичээдэг, хянадаг гэж ойлгодог байсан. Төрийн алба гэдэг нэр томъёог яагаад нийтийн алба болгоё гээд байгаа юм гэхээр төрийн энэ эрх мэдэл бол нийтийн ашиг сонирхол, тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой. Энэ эрх мэдэл нийтийн сонирхлыг байнга илэрхийлдэг. Төрийн алба бол төрийн сонирхол гэдэг юм уу хувь хүмүүс, олон нийтээс тусдаа өөр сонирхлыг тээж байдаг хүмүүс биш. Тиймээс төрийн албыг нийтийн алба гэвэл тэнд ажиллаж байгаа хүмүүс нийтийн төлөө зүтгэх ёстой гэдгийг шууд ойлгоно. Бусад оронд төрийн алба гэдгийг паблик, сивил сервис гэдэг нэр томъёогоор ойлгодог. Бидний санаачилсан хуулийн төсөл бол нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүр тавьж байгаа. Нийтийн сонирхол гэдэг нийтэд шударга, алагчлалгүй, үр дүнтэй үйлчилнэ гэсэн үг. Түүнээс биш төрд үйлчлэх тухай ярихгүй байгаа. Ийм ялгаа байгаа тул төрийн албыг сууриар нь өөрчлөх тухай ярьж байгаа юм гэлээ. Түүнчлэн байнгын хорооноос анхны хэлэлцүүлэгт санал хураалгахаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулсаныг хэлэлцэн шийдэх явцад төслийн “нийтийн алба гэснийг “төрийн алба” гэж тухай бүрд нь өөрчлөх саналыг гишүүд дэмжээгүй бөгөөд энэ асуудлыг уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн эсэргүүцэж гишүүдэд тайлбар хийсэн юм. Тэрээр, Монгол төрийн алба бол мөн чанар нь нийтийн алба юм шүү. Энэ нэр томъёог сольвол бусад хууль тогтоомжтой нийцэхгүй асуудал бий болно. Ингэвэл энэ хууль цаашид батлагдах боломжгүй болох талтай хэмээн хэлж байв. Харин дээрх хуулийн төслийг өргөн барьсны дараа төслийн талаар УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн зөвлөх санал дүгнэлт гаргасан байх бөгөөд үүнд: ...Уг төсөлд төрийн албан хаагчийн мөрдөх ёстой ёс зүйн хэм хэмжээ, төрийн үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх зэрэг асуудлыг хуульчлахаар тусгасан нь шинэлэг зохицуулалтыг бий болгожээ. Түүнчлэн төсөл нь төрийн албан дахь нэг мөр тодорхойлоогүй зарим асуудлыг тодорхойлж, нэг мөр болгохыг чиглэсэн авууштай зохицуулалтыг тусгасан байна гээд Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх талаар, ... Төсөлд хэрэглэсэн нэр томъёо нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн нэр томъёотой нийцэхгүй байна. Тухайлбал, “нийтийн алба”, “нийтийн албан тушаалтан” гэдэг нэр томъёог төслөөр оруулж ирж байгаа бөгөөд Үндсэн хуульд “төрийн алба” /ҮХ-ийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтад “..., төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох”/, “төрийн албан хаагч” /ҮХ-ийн 46 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно”/ гэж тус тус хэрэглэсэн. Хууль тогтоомжийг боловсруулахад нэн тэргүүнд Үндсэн хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэхийг шаарддаг. ...Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 10 дахь заалт, мөн зүйлийн 11 дэх заалт, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 2 дахь заалтад “ашиг сонирхол” гэсэн хоршоо үгийг хэрэглэсэн бөгөөд төсөлд зөвхөн “сонирхол” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. “Сонирхол” гэдэг нь сонирхох дур сэтгэл, хүсэл, анхаарал болон сонирхох үйлийн нэр юм. “Эрх ашиг” буюу “ашиг сонирхол” гэдэг нь нийтийн үйлсийн төлөө үр дүнтэй ажиллах хэм хэмжээ /Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ 1966/. Төсөлд “сонирхол” гэснийг “ашиг сонирхол” гэдэг хоршоо үгээр нь хэрэглэх нь Үндсэн хуулийн нэр томъёотой дүйцэх болно. Нөгөө талаас сонирхол болгоныг хуульчлах нь зохимжгүй, асуудлыг хэт өргөжүүлэх бөгөөд асуудлыг ашиг сонирхлоор хязгаарлах нь зүйтэй болов уу. Хүний дур хүсэл, сонирхол хязгааргүй, харин ашиг сонирхол, хууль ёсны ашиг сонирхол хязгаарлагдмал ойлголт юм... гэжээ. Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийн олонхийн саналаар төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байгааг мэдэгдээд эцсийн хэлэлцүүлэгт оруулж ирэхдээ агуулгын талаас нь, нэр томъёоны талаас нь сайн нягталж оруулж ирэхийг хууль санаачлагч болон ажлын хэсэгт анхаарууллаа.
Shuud.mn
Сонин хачин
You've impsreesd us all with that posting!
2011-12-30
Lisha Bruening:
I'm really content to read this. This is the kind of manual that requirements to be given and not the random misinformation which is in the other blogs. Appreciate your sharing this best doc.
2011-12-12