Цэнхэр дуулгатнууд амийг нь аварсан хүүгээ эргэв
2013-06-26

Монголын энхийг сахиулагчид Бүгд найрамдах өмнөд Судан улсын Лэйкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж буй.  Тэгвэл тус баазад үүрэг гүйцэтгэгч офицер хошууч Д.Сүхбаатараар ахлуулсан хүч нэмэгдүүлсэн томилгоот бүрэлдэхүүн өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдөр Румбек хотын төвийн “Макой” гудамж дахь таван метр орчим гүнтэй нүхнээс орон нутгийн нярай хүүг татан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн амьдрал бэлэглэсэн аж.

Энхийг сахиулагчид хүг авран ээжид нь өгөхдөө Баяр хэмээн монгол нэр хайрласан бөгөөд Динка омгийн нэр нь AgumaPhoc, англиар John хэмээн дуудагддаг гэнэ. Олон жилийн турш үргэлжилсэн дайн дажин, омог хоорондын сөргөлдөөн дунд мэндэлсэн Баяр хүүг хэсэг хугацааны дараа буюу энэ сарын 16-ны өдөр офицер хошууч Д.Сүхбатаар ахлуулсан Энхийг сахиулагчид маань, монгол хүний өгөөмөр сайхан сэтгэл өвөрлөн гэрт нь эргэж очсон байна.

Тэд Баяр хүүд орон нутгийн зах дээрээс худалдан авсан ямаагаар бэлэг барьсны дээр гэр бүлийнхэнд нь өөрсдийн хүнсний зүйлээс илүүчилж бага боловч сэтгэлийн бэлэг, тусламжаа гардуулжээ. Энэ үеэр орон нутгийн цагдаа болон хөршүүд нь хүүгийнд цугларч, Монгол цэргүүдийн энэхүү буянтай үйлсэд ихэд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Хүүгийн эрүүл мэндэд үзлэг хийхэд бойжилт хэвийн, эрүүл өсөн торниж байгаад баяртай байгаа аж.

Эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулагч хэмээх эрхэм алдарыг дуурсгаж, монгол хүний энэрэнгүй нинжин сэтгэлийг харийн нутагт өндөрт өргөж яваа энхийг сахиулагчиддаа талархал илэрхийлж байна.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин