Загварын шоу л битгий байгаасай
2013-07-05

Сайхан мэдээ сонстлоо. Дэлхий нийтийн стандартад нийцсэн дотоодын хэмжээнд мөрддөг стандартыг тогтоох гэнэ. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дээр шүү. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ийм зайлшгүй шаардлага бийг олж тогтоосон гэнэ. Хожимдсон боловч зайлшгүй хийгдэх ёстой зүйл. Ирэх 2014 оны төсөвт хөрөнгө төлөвлөж, улсын хэмжээнд үйлчилж буй бүх стандарт, норм, дүрмийг цэгцлэн, стандартын нэгдсэн бодлого боловсруулахаар болжээ.

.

Оройтсоон.. Гэхдээ одоо л энэ шинэтгэлийг эхлүүлэхгүй бол хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй. Боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт энэ стандарт гэдэг ойлголт дээрээс үндэслэгдэн тогтоогдож зах зээлд нийлүүлэгдэж байх учиртай. Энэ ч утгаараа өнөөдөр дутагдаж байгаа хамгийн том асуудал бол стандарт.

.

Энгийнээр ойлгоё л доо. Үйлдвэрлэн бүтээн босгоход ямар материалын орцтой байж, үйлдвэрлэгдэх хугацаанд болон хэрэглэгчийн гар дээр очиход эрүүл аюулгүй чанар чансаа, ямар хөдөлмөрийн хөлсний үнэ тарифтай байх зэргийг тогтооно. Үйлдвэрлэн бүтээгчиддээ ч эцсийн хэрэглэгчиддээ ч энэ л стандартын хатуу чанга тогтолцооны үр дүнд бүтээгдэн хүрч байх болно. Мөнгөө төлсөн хэрнээ хоол хүнсэндээ хордож, үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байх, шинээр орсон байшиндаа ус, цахилгаан, халуун дулааны байнгын хомсдолтой байх боломгүй болно. Стандартыг яг таг мөрдсөн л бол.

.

Харин өнөөдөр тийм биш байна. Энэ талх шошгон дээрээ бичсэнчлэн тэдэн хувийн сахар, гурил, исгэгчтэй байхыг тэр стандарт хэлээд өгнө. Зөрчвөл зах зээлд гаргах нь битгий хэл цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаад л орхино. Ариун Ганга мөрний усаар “зуурагдсан” гэж сурталчлан сүсэгтний сүсгээр дамжуулан борлуулалт хийж байвал. Уучлаарай тэр Гангын усанд чинь Энэтхэгчүүд оршуулсан хүнээ урсгадаг юм, хүн болгон жилдээ хэдэнтээ хир буртгаа урсган угаал үйлддэг юм гээд нөгөө СТАНДАРТ ХААН гэдийчихнэ.

.

Байшингийн орцонд юу орох ёстой вэ. Цемент, элс хайрга, арматурын төмөр, тоосго хэдэн хувийн найрлагатайгаа хэрхэн яаж угсрагдах ёстойг бас л тогтооно. Үгүй бол хүлээж авахгүй. Нурааж л орхино. Яагаад гэвэл тэр бүгд хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг хөсөрдүүлж байгаа учраас тэр. Өнөөдрийн тогтоогдсон барилгын стандарт л гэхэд аль тэртээх соц нийгмийн үед тогтоогдсон стандарт байх жишээтэй.

.

Хөөрхий саяхан хотын нэгэн албан тугаалтан “Бидний стандарт тэр үеэс хойш огтхон шинэчлэгдээгүй болохоор зураг төсөл, норм нормативаа тэгж л хийхээс өөр аргагүй” гэж учирлаж суусан. Стандарт хэмжилзүйн төвийнхөн, хүлээж авах ёстой мэргэжлийн хяналтынхан муу ажиллаад байна гэж хэлэхгүй ээ. Гол нь төр засаг алив бараа бүтээгдэхүүний стандартыг тогтоосон хуулийг л бий болгомоор байгаа юм. Хүний хэрэглээ өдөр ирэх тусам улам өсөн нэмэгдэж байна. Тэр бүрт стандартыг тогтоож чадахгүй бол яваж өргөн хэрэглээний бүхэндээ жишиг стандартын мөрдөлгөтэй болмоор байх юм.

.

Авилга хээл хахуулийн тухай амтай болгон ярьж байна. Авилгын хамгийн амь бөхтэй үндэс стандартын бус бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ. Ган бөмбөлөг, станцын тоног төхөөрөмж, эксковатор гээд мянга мянган хэрэггүй ашиглагдаж үл болох бараа бүтээгдэхүүн төсвийн хөрөнгөөр агуулах сав дүүргээд байгаа. Захиалахад нь, тээвэрлэн орж ирэхэд нь, хүлээж авахад нь, ашиглаад эхлэхдээ үзэж шалгасан бол улсын хөрөнгө хэдэн тэрбумаараа салхинд хийсэхгүй л байсан.

.

Өвчнөө үзүүлж байгаа эмчлүүлэгч та эрүүл мэндийн даатгалынхаа хэдэн төгрөгөөр ямар эмчилгээ хэрхэн яаж эмчилгээ үйлчилгээ хийж байгаагаа мэдэх боломж байна уу. Мэдэхгүй болохоор дэмий хардалт үүснэ. Үүсэхээс ч өөр яах билээ. Тэгэхээс ч тэгэх гэж байгаа юм шиг нөгөө цагаа нөмрөгтөнгүүд даатгалын мөнгөнөөс нь хэдэн зуун саяар идэж уусан нь илэрнэ. Дэмий халаглаад л өнгөрнө. Хэн ч хариуцлага үүрэхгүй. Бурхны оронд одсон нөхдүүд яаж ч зарга заальхай хийх билээ. Боловсролоо хар. Мөнгө төлөөд хүүхдээ сургаад л байдаг. Ирээдүйн том мэргэжилтнүүд ачит багш нарынхаа буянаар гудамжинд лааз өшиглөнө. Нөгөө магадлан итгэмжилсэн гэгдэх зөвшөөрлийг нь өгсөн сайд дарга нар нь хэдэн тэрбумын авилгын хэргээр шоронд хатаагдах болж байна. СТАНДАРТ хаана ч ХААН байгаагүйн уршиг энэ.

.

Харин ирэх жилээс бид хуульчилсан стандарттай болох нь. Юу хэрэглэж, юу бүтээж, юу хийх маань тодорхой. Орц найрлага, хэрэглэгдэх орчин нөхцөл, хугацаа хадгалалт, хааш нь юуг экспортолж болох маань тодорхой болох нь. Магадгүй энэ шинэчлэл их том ирээдүйг бидэнд нээнэ шүү. Загварын шоу л битгий байгаасай даа. Шадар сайд аа.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene estoi zob acuudal bnaa baishin barican chini 100ail.tsaiz zahuudad idvvlj duussan
2013-07-31
vnen vg.:
uu bomboo minee naad setgegdel gargaldaa
2013-07-07
Uguujid:
Ариун Ганга мөрний усаар “зуурагдсан” гэж сурталчлан сүсэгтний сүсгээр дамжуулан борлуулалт хийж байвал. Уучлаарай тэр Гангын усанд чинь Энэтхэгчүүд оршуулсан хүнээ урсгадаг юм, хүн болгон жилдээ хэдэнтээ хир буртгаа урсган угаал үйлддэг юм гээд нөгөө СТАНДАРТ ХААН гэдийчихнэ.
2013-07-06
11111:
ene bol zugeer l gaihamshig, unheer ene standart gdg ym bhguigees bolood l ene ih asuudal hunsnii ayulgui baidal chanargui barilga sav geed buh bolohgui butehgui bga ym uusej bn shuu de, odoo ter hunsendeer ch gsn sahar ni heden % aas ih baij bolohgui gej oruulah heregtei hun ardiinhaa eruul mendiig bodoh heregtei,
2013-07-06