ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А. Батсайхан Польш улсын хууль сахиулах албаныханд саатуулагдаад байгаа юм. Түүнийг баривчлах болсон үндэслэлээ тус улсын Прокурорын газраас манай Москва дахь Элчин сайдын яаманд ирүүлсэн аж. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
Манай дипломат ажилтан яг ямар хэрэгт холбогдсон юм бэ?
-Монгол Улсаас Москва хотод суух Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг БНПУ-ын Люблин дэх Прокурорын газраас гурван сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан гэсэн албан тоот манай Элчин сайдын яаманд ирсэн байна.
-Хорих болсон үндэслэл нь?
-Польшийн тал манай Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлсэн албан бичигтээ ”Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн нэг, 258 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн тус улсын Баруун Люблин дүүргийн шүүхээс гурван сарын хугацаатай хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал 2004-2007 онд БНПУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа янжуур тамхи хилээр хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн байж болзошгүй гэж сэжигтнээр татан шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл ирсэн.
-Шүүх хурал нь хэзээ болох вэ?
-А.Батсайханд холбогдох хэргийг удахгүй Прокурорын газраас шүүх рүү шилжүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн.
- А.Батсайханыг тамхины хэргээр саатуулагдаагүй гэсэн мэдээллийг та хоёр хоногийн өмнө өгч байсан. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл өгч байна вэ?
-Польшийн хилээр янжуур тамхи зөөвөрлөж ороод баригдсан юм биш. Өмнө нь тус улсад ажиллаж байхдаа тамхи хууль бусаар зөөвөрлөсөн байж болзошгүй гэж сэжигтнээр татсан юм билээ.
Н.Түвшин