Урианхай сурын харваагаар наадам эхэллээ
2013-07-07

Их Монгол Улс байгуулагдсны 807 жилийн ой, ардын хувьсгалын 92 жилийн ой , Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр урианхай сурын харваагаар эхэллээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооныхны мэдээлснээр энэ жил урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорих аж. Харин энэ сарын 8-нд буюу маргааш болох буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцох гэнэ. Үндэсний сурын харвааны хувьд энэ сарын 10-нд сурын талбайд нээлтээ хийх бөгөөд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлжээ.

Урианхай сур харваа нь Хүннү, Чингэсийн үеэс өвлөгдөн ирсэн үндэсний соёлын биет болон биет бус өв юм. Жил болгон яагаад улсын их баяр наадмыг уг харваагаар эхлүүлдэг талаар түүхчид эхгүй гол, эцэггүй хүүхэд байдаггүйтэй адил урианхай сур нь сурын өвөг. Нумын эх нь урианхайн хавчаахай байдаг. Өөрөөр хэлбэл хоёр том өв нь урианхай сурд байдаг гэж үздэг.

 Урианхайн ард түмний дунд одоо ч түгээмэл байгаа үндэсний спортын нэгэн төрөл бол сурын харваа юм.

Урианхай хүн сур харвах нь тэр жилдээ сайн сайхан явахын үүд хаалгыг нээнэ хэмээн үздэг. Урианхайчууд сур харвааны зарим онцлог шинжээс сонирхуулъя. Харваанд оролцох хүний тоог хязгаарлахгүй, харвах гэж ирсэн хүмүүсийг хоёр тал болгон хуваадаг. Харин сур харвахаар ирсэн хүн гурван сум, хоёр чих заавал авчрах ёстой. Урианхай хүн сурыг чих гэж нэрлэнэ. Тэр нь морины цулбуур, чөдрийг бөөрөнхийлөн зангидаж хийсэн нэгэн зүйл бай. Сурын талбайг засахдаа цэвэрлэсэн газрынхаа голд чихээ нэг эгнээ цувуулан тавьж, сайтар доош суулган дарах бөгөөд үүнийгээ "халз дарах" гэдэг. Өрсөн чихнээс хоёр тийш дөрөв, дөрвөн метр зайтай, чихтэйгээ зэрэгцээ 10-15 см өндөр шороо татах бөгөөд үүнийгээ өтвөг гэнэ. Урьд цагт 40 нумны газраас харваж байсан гэж ярилцах боловч одоо гол төлөв 30 нумны газраас харваж байна. Өмнө талын өтвөг хөдөлбөл оносонд тооцохгүй, цаад өтвөгийг оносон сур заавал давах ёстой. Анхны сурыг ахлагч нар эхлэн тавьдаг номтой. Эхний онох чихийг "магнай" гэдэг бөгөөд ономогц "Магнай хагарлаа" хэмээн уухайлна. Хоёр дахь сурыг "тэгнээ", гурав дахийг "ганзага", дөрөв дэхийг "уяа" гэнэ. Хүн бүр нэг ээлжинд гурваэ сум тавих бөгөөд онох бүрий "дагуул" хэмээн уухайлна. Энэ нь үүн шигээ дахиад оноод бай гэсэн утга бүхий ажээ.

 Харваач бүр өрөг дуусахад ядаж өөрийн хоёр чихээ оносон байх шаардлагатай эс чадвал "хамба суулгана". Хамба суулгана гэдэг нь нэгэн зүйл шийтгэл агаад үнэндээ харвах эрхийг нь хасч байгаа хэрэг юм. Харвалтыг түргэтгэхийн тулд сурын гуравны нэг нь үлдмэгц 10 нумны газраас харвана. Сүүлийн нэг чихийг ахлагч нарын зөвшөөрлөөр харвадаг заншилтай.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин