Нүүдэлчин түмний их наадаан 1
2013-07-09

Суурин соёл иргэншлийнхний баяр цэнгэл нүүдэлчдийнхийг бодвол олон. Голдуу л хоол тэжээлийнх нь амин сурвалж болсон үр тариатай нь холбоо бүхий баяр цэнгэлийн цэс харагдах вий. Үр тариа тариалсны, бороо хур тэгширсний, ургац өндийсний, хураасны гээд л.. цуварч өгнө. Ургац сайтай жилд анхлан зохиосон охид хөвгүүдийн, үр тариаг ивээн тэтгэсэн үй түмэн бурхдын мэндэлсэн хийгээд гэгээрэлд хүрсэн, нирваан дүр үзүүлсэн гэхчлэнгээр удаалаад өөрийн улсын тусгаар тогтнол, тэмцэл, хувьсгал гээд дараална. Монголчууд л ийм олон баяр цэнгэл тэмдэглэдэг юм биш. Солонгос, япончууд үндэсний болон олон нийтийн чанартай 20 гаруй, америкчууд 24, австраличууд 19 баярыг тэмдэглэдэг бол жилийн 365 хоногийн 100 орчмыг нь баяр ёслолын байдалтай өнгөрүүлдэг Африк, Индонезийн олон улс байна.

.

Тэдэнтэй харьцуулахад бид харин ч танагтай. Бусдад гайхуулдаг шиг эрийн сайн, оюуны чадавхитайдаа огтоос биш. Ийм олон баяр наадам тэмдэглэх боломжийг газарзүйн байршил, цаг уур маань олгодоггүйд хэргийн учир оршиж байгаа юм. Өвөл зуны хасах нэмэх 100 хэмийн хэлбэлзэлд амьдардаг, хөрсний үржил шим гэхээр зүйлгүй тэсч амьдрах нь алалдах дайснаас хүнд хэцүү ийм орчны нүүдэлчдэд баяр наадам үргэлж зохиогоод байх боломж тун ховор. Гэхдээ л бид дэлхийд ганцхан наадмаа дэлхийн соёлын өвд бүртгүүлж онцлогоороо он цаг ирэх тутам бусдын чихийг дэлдийлгэж, харааг хужирласаар байх биз ээ.

.

Наадмын үүслийн тухай олон ч судлаач эрдэмтэд судласан байдаг. Хамгийн эртнийх нь Хүн гүрний үед Хань улсын хааны хөвгүүн нүүдэлчдэд олзлогдон хонь ямаа хариулж байх үеэ өгүүлсэн сурвалж бичиг. Тэрбээр өгүүлэхдээ “Хүн нар үдшийн бүрийд адуун сүргээ хариулан байхдаа нэгэн өвөрмөц хөгжмийн зэмсгээр хачин сонин авиа гарган хуурдлах бөлгөө. Тэр зэмсгээ адууныхаа сүүлэнд уяж хадгалах бөгөөд дайн тулааны ялалтын дараа адууныхаа сүүлнээс мөнөөх хуураа олноор гарна бултаар хуурдан найр наадаан үүсгэнэ. Хөө хуяг, нум саадаг агссан эр цэргүүд морины хурдаар давхилдан одоцгоож шонд өлгөсөн үхрийн гүзээ харван цэнгэлдэнэ. Тэгэхийн сацуу дарсанд халамцсан эрчүүд олны өмнө биеэ барилцан бяр тэнхээгээ шавхан ноцолдоно. Тэдний цэнгүүн хэрцгий бөгөөд догшин” хэмээжээ. Хань улсын үеийн он дарааллын бичигт тэмдэглэгдэн үлдсэн нь энэ. Ингэхээр Монгол наадам лавтайяа бичигт үлдснээр 2000 гаруй жилийн тэртээх он цагийг заана. Төв азийн нүүдэлчдэд найр наадам үүсгэх тогтсон цаг хугацаа байсан талаарх тодорхой мэдээлэл үгүй. Дайн тулааны ялалтын дараа, өвөл цагт голдуу тохиох их ав хоморгын дараа ийнхүү цэнгэлддэг гэсэн баримт олон бий. Нэгэн тодорхой зүйл түүхэн сурвалжид дурдснаас харвал өвөг дээдсийнхээ онгон шүтээнд залбирал өчих, тахил өргөхдөө олныг хамарсан цэнгэл үйлддэг байсан нь Их Монголоос өмнөх Хамаг Монгол, Түрэг, Жужан, Сүсбэ, Хүн нарын тухай өгүүлсэн Хятадын түүхэн сурвалжид байдаг юм.

.

Хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл бүжиг наадаан үүсгэн цэнгэлдэж байсан тухай Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн нь бий. Чингис хаан зарлиг гарган наадмыг “хуран сард” буюу долоо наймдугаар сарын заагаар хийдэг байж. 1240 онд бүх Монголын хаад ноёд Бухасучихай /Бухын хоолой/ хэмээх газар хуралдаж байх үеэр Есүнгэ мэргэн ноён 335 алд газар харвасныг Чингисийн чулуу хэмээн алдаршсан чулуунд мөнхөлсөн нь өнөө Эрмитажийн музейд хадгалагдаж байдаг. Эрийн гурван наадмын нэг сурын харвааны хамгийн эртний сурвалж бичиг энэ. Зүгээр нэг хол харвах биш харин 335 алд газар харваж байгаа алдалгүй оносон байна. Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар тольд “Алд гэдэг нь хоёр гарыг хөндлөн сунгаж нэгэнтээ хэмнэсэн хэм: нэг алд нь 1 метр 60 сантиметртэй тэнцэнэ” гэж тайлбарласан байна. Энэ тайлбараар бол 335 алд нь 536 метр буюу хагас км болж болж байна. Ямар нум сумаар Есүнгэ мэргэн ийм амжилт гаргасан болоо. XIII зууны үеийн монгол цэрэг 2-3 нумтай байжээ. Түүн дотроос хамгийн хүчтэй таталттайн болох “Төмөр буюу болд ширхэгт нум” байжээ. Байлдааны ердийн нум нь доод тал нь 30-32 кг-ын таталттай, 20-30 алхмын зайд тэр үеийн бараг бүх хуягийг нэвт харвадаг, сумны ашигтай тусгал нь 200-300 метр байсан бол “Төмөр буюу болд ширхэгт нум” нь 70-80 кг-ын таталт бүхий ашигтай тусгал нь 500-600 метр хүрдэг байсан байна.

.

Ийм нум сумаар ямар хүн харваж болох талаар эрдэмтэд судалгаа хийсэн нь ч бий. Судлаач Г.Ариунболдын судалгаагаар бол Их Монгол улсын үед хүн амын бие бялдрын үзүүлэлтүүд дунджаар эрчүүдийн биеийн өндөр 167,18 см, суугаа өндөр 85,85 см, мөрний өргөн 38,72 см, гарын урт 58,31 см, хөлийн урт 81,34 см, биеийн жин 71,45 кг байжээ. Тэгвэл өнөөгийн монголчуудын эрэгтэйчүүдийнх нь биеийн өндөр 163,83 см, суугаа өндөр 74,75 см, мөрний өргөн 37,77 см, гарын урт 74,60 см, хөлийн урт 86,35 см, биеийн жин 63,14 кг болжээ. Дээрх үзүүлэлтээс харахад Их Монгол улсын XII-XIII зууны үеийн монгол цэрэг эрс өнөөгийн монголчуудын үзүүлэлтээс илүү байгаа нь харагдаж байна. Энэ үүднээс авч үзвэл эртний монгол цэрэг нь 335 алд газар харвасан байх магадлал улам их байна. Биеийн жин хэдий чинээ хүнд байна төдий чинээгээр гарын булчин сайн хөгжсөн байх ёстой. Тийм болохоор 335 алд газар харвасан гэдэг нь үнэн болж байгаа юм.

.

Саяхан сурчид хэн нь хамгийн хол харвахаа үзсэн наадам зохион байгуулжээ. Үүгээр хамгийн холдоо 250 м харвасан байх юм. Аль ч дайснаа хамгийн их чичирүүлж байсан монгол харваачдын залгам уухай өнөө ч тасалдаагүй байна. Хэдийгээр Манж чин гүрний үед монгол эрсийн нум сумны ирийг болцуу болгосон ч хараа мэргэн, сум ончтой туссаар л байна. Монгол наадмын нэгэн чимгийн тухай цухас дурьдахад ийм байна. Дараагийн бүлэгт монгол наадмын нэгэн чимэг хурдан морины уралдааны үүх түүх, учир холбогдлын тухай өгүүлэх болно.  Монгол түмэн минь сайхан наадаарай.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин