Ч.Однасан: Нийслэл нэг их наяд 159 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
2011-01-04

Шинэ оны ажлын эхний өдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Нийслэлийн өмчийн харилцааны газрынхантай уулзлаа. Уулзалтын үеэр “ 2011 он төр хувийн хэвшлийн түншлэлийн буюу өөрөөр хэлбэл өмчийн харилцаанд түшиглэсэн жил болно. 2011 онд Улаанбаатар хотод хийгдэх 161 ажил батлагдсан үүн дээр нэмээд 45 ажил багц дүнгээрээ нийслэлд хэрэгжинэ хэмээн НИТХ-аас баталсан. Тэгэхээр шинэ өмч бүртгэгдэнэ. Энэ хэрээр ажил нэмэгдэнэ. Өмчийн харилцааны газар маань Төрийн өмчийн хорооны дайтай ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ.

Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, “2009 оны тооллогоор нийслэл нэг их наяд 159 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн. Бүтцийн хувьд барилга байгууламж, машин тоног төхөөрөмж, бусад гэсэн хэд хэдэн хэсэгт хуваагдаж байгаа. Эргэлтийн бус хөрөнгө нийт хөрөнгийн 4 хувийг эзэлж буй” гэв. Түүнчлэн 2011 онд ажиллах үндсэн зорилтоо танилцуулсан юм. Гадаадын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн байгууллагатай туршлага солилцох, нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой удирдлагын тогтолцоонд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, авто зам болон гүүрэн байгууламжийн тооллого явуулах, барилгууд болон тоног төхөөржмийг паспортжуулах зэрэг 6 зорилтыг дэвшүүлжээ.

Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин