Наадмын дараах 7 хоногт
2013-07-21

Завгүй наадаж, хавтгай айрагдсаны дараах долоо хоног үйл явдлаар дүүрэн байсныг тоймлон нэг харцгаая.

.

Т.Билэгт & Н.Энхбаяр

Н.Энхбаярынхаас гадна түүний хүү Э.Батшугарын хадмын гэрт нэгжлэг хийсэн АТГ-ын тусгай ажиллагаа зүй ёсоор шуугиан дэгдээлээ. Энэ хэрэг явдлын учгийг АНУ-аас эх орондоо ирэнгүүтээ баривчлагдсан Т.Билэгттэй холбон бичиж байна. Энэ ч аргагүй. Т.Билэгт мэдүүлэг өгч эхэллээ гэж хэвлэлээр оршил мэдээ цацагдсаны дараахан энэ үйл явдал өдрийн хугаст өрнөсөн. Албаны эх сурвалжийн товч мэдэгдсэнээр эл нэгжлэг шалгалт нь одоо ялаа эдэлж буй Н.Энхбаярын хэрэгтэй хамаагүй, түүний хэргийг шалгах явцад тусгаарлаад байсан Т.Билэгт, Н.Энхтуяа /Н.Эхбаярын төрсөн дүү/, Б.Хуяг нарт холбогдох хэргийн хүрээнд шаардлагатай нэгжлэг шалгалтыг хуулийн дагуу хийсэн гэж байгаа. Мөн энэ үеэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг саатуулж, түүхийн ховор үзмэр болох 115 ширхэг бүтээлийг хилийн чанадад гаргасан хэмээн үзэж шалгаж эхэлсэн тухай мэдээлэгдсэн. О.Мичидийг 1994 онд Дүрслэх урлагийн музейн захирлаар ажиллаж байх үед АНУ-д Монголын соёлыг сурталчлах музейд тавихаар гадаадад гаргасан ховор эдлэлийн тэн хагас нь эргэж эх орондоо ирэлгүй тэндээ шингэсэн бололтой. Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийснээрээ анхаарлын төвд орж өндөр авсан АТГ-ын энэ шалгалт цаашид яаж үргэлжлэх нь үү гэсэн олны сонирхлыг өдөөгөөд түр намжлаа. Хэдийгээр энэ хэрэг Т.Билэгт ирснээр шуударч байгаа харагдавч хэрэгт нэр холбогдоод интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг олдоогүй байхад эцэслэн шийдэгдэх үү гэдэг нь асуулт хэвээр байна. Ямартай ч Т.Билэгт хэвлэлийнхний шуугиж байгаа шиг Н.Энхбаяраас хариугаа авч чөмгийг нь ташихаар ирээгүй байх. Харин мэдэх юмаа үнэн мөнөөр нь хэлээд, юу болохоо үзье гэж шуудраад ирсэн байж болох юм. Т.Билэгт 14 хоног саатуулагдаад батлан даалтад гараад байна.

.

Иргэдээ сонсдоггүй  Иргэдийн хуралтайгаа мэдэв

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нэгэн хүсэлт гаргаж түүнийг нь НИТХ батлан соёрхсоноор Д.Сүхбаатарын талбай Чингис хааны нэрэмжит талбай боллоо. Иргэдийнхээ санал бодлыг асуулгүйгээр улс төржсөн байр сууринаас яаран баталсан энэ шийдвэр одоо ч маргаан талцал үүсгэсээр 7 хоногоо даагаад байна. Энэ шийдвэрээ эргэн харахгүй бол асуудлыг өөрөөр тавина гэж МАН улс төрийн шинжтэй мэдэгдэл хийгээд байгаа. 1921 оны Ардын хувьсгал ба Д.Сүхбаатарыг түүхээс арчих гэсэн санаа зорилготой хийгдсэн гэсэн хардлага дагуулж байгаа энэ талбайн нэрийн асуудал ирэх 7 хоногоо ч дааж болох сэдэв болоод байна.

.

Шүүгчдийн цалин нэмэгдлээ

Хараат бус, хэний ч нөлөөнд автахгүй байж шударга шүүхийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой шүүгчдийн цалинг нэмсэн шийдвэр гарлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгч хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх эрх буюу үүний хүрээнд цалингийн хэмжээг тогтоох эрхийг шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн байдаг юм байна. Шинэчлэн тогтоосноор Шүүгчийн цалин 3.7 сая төгрөгөөс дээш байхаар болжээ. Энэ шийдвэрийн ард шүүгчдийн нөлөөнд автахгүй байх, хараат бус байх баталгааны түвшин нэлээд дээшилнэ гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс тайлбарлаж байна. Мөн шүүгч нар мэргэжлийн үйл ажиллагааны төвшингөөсөө хамаарч, жилд цалингийнхаа 50 хувьтай дүйцэхүйц нэмэгдэл авч байх юм байна. Энэ шийдвэр хэрэгжсэнээр шүүгчид төрийн албан хаагч нар дотроо хамгийн өндөр цалинтай нь болж байна.

.

Цагаа олоогүй зарлагдсан хурал хойшилсоор ...

МАН-ын бага хурал энэ долоо хоногт болно гэж яригдсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна УЗ-өөс нь энэ сарын сүүл хавиар хийхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдсэн. Хөдөө аймгуудад тэгш ойтой наадмууд дараалан болж байгаа нь хурлын ирцэд нь нөлөөлөх тул хурал хойшлуулах үндэслэл байна гэсэн тайлбарыг УЗ нь сануулаад байгаа. Харин наадмын өмнө бужигнуулах гээд түр намжсан шинэчлэгчид ярьсан хэлсэндээ хурлаа зарлахыг шаардсан мэдэгдлээр хариу бариад байна.

МАН-ын бага хурлын цөөнгүй гишүүд хөдөө орон нутгаас сонгогдсон байдаг тул УЗ-ийн ирцийн талаар тайлбарыг хүлээн авах ёстой гэж зарим гишүүд нь үзэж байгаа бол шинэчлэгчид нь хуучин удирдлагаа ширээ сандалтайгаа зууралдан хоног сунгах гэсэн муу арга хэрэглэлээ гэж буруушааж байна. Мөн хурал хойшилж байгааг МАХН болон Н.Энхбаярыг тойрсон шуугиантай холбон тайлбарлах хэсэг ч байна. Удахгүй МАХН засгийн газраас гарах нөхцөл байдал үүсч болохоор байгаа. Энэ байдлыг боломж болгон ашиглаж АН-тай тохироо хийн засгийн газарт шургалах санаатай тул цаг хожин байдлыг харж, бага хурлыг хойшлуулж байна гэж хартай хэсэг үзэж байгаа бололтой. Энэ нь тийм ч хий хоосон хардлага бас биш юм. Засгийн газарт ороод намын даргаа мартаад байгаа гэх ярианд унаад буй сайд нараа МАХН тун удахгүй Засгийн газраас татаж авах талаар яриа сураг өдөр өдрөөр наашлаад байна, лав нэг юм болно гэж учир мэдэх хүмүүс ярьж бичсээр байна. Хэрвээ Засгийн газар хөдлөөд эхэлбэл МАН-ынхан зүгээр хараад, гадна нь суухыг хүсэхгүй нь бас лавтай. Ямар ч байсан бага хурал ирэх сард болох болов уу.

.

Амьдрах өртөг дахиад өслөө

Эрчим хүчний зохицуулах хорооноос өрхийн хувьд амьдран суугаа байр, байшингийн м.кв-ын хэмжээнээс хамаарч дулааны үнэ дээрээ 3-10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлж байх, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөх цахилгааны үнийг 20 хувь, уул уурхайн компаниудад 30 хувиар нэмэгдлээ. Эрчим хүчний салбар нь 60 тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Гэвч иргэд халаас руу нь гараа дүрж алдагдлаа нөхөх гэж байгаа энэ шийдвэрт таатай хандахгүй байна. Эрчим хүч дулааны эх үүсвэрээ нэмэх талаар ажил хийхгүй байж үнэ нэмж байгаа нь буруу, мөн үнийг нэмсэн ч цахилгаан хязгаарлаж, өвөл халаалтаа доголдуулж зутраасаар байдгаа болих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг иргэд салбарынханд хаяглаж байна. Шинэ журам мөрдөгдсөнөөр  40 м.кв талбайд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 м.кв бол 5.000 төгрөг, 80 м.кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөхөөр болж байна. Харин нэг киловаттад төлөх үнийг 150 кватт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх нэг кВт 79 төгрөг төлж байхаар болгожээ. 150 кВт-аас илүү хэрэглээтэй бол нэг кВт-ыг 96 төгрөгөөр тооцох юм байна. Энэхүү шинэ журмыг ирэх сарын 1-нээс мөрдөнө. Ямартай ч ард иргэдийн авдаг хэд нэмэгдээгүй байхад өгдөг хэд нэгээр нэмэгдлээ.

.

Урлаг спортынхон сайн мэдээгээ түүчээлсээр байна

ОХУ-ын Казань хотноо долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар "Универсиад" их наадам болж өнгөрлөө. "Бага олимп"-д дэлхийн 156 орны 13000 гаруй тамирчин оролцсоноос 62 орон ямар нэгэн медаль хүртлээ. Спортын 15 төрөлд өрсөлдсөн манай улс 3 алт, 6 мөнгө, 15 хүрэл медалийг хүртэж, 19-р байр эзэлж, чансаагаараа 11-т бичигдэж эх орныхоо нэрийг гаргалаа.

Олон улсын жүдо бөхийн холбооны долдугаар сарын 16-нд гаргасан тамирчдын чансааг эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир нарын монгол бөхчүүд тэргүүлсээр байна.

Уламжлал болгон явагддаг дээлтэй Монгол наадам боллоо. 15 мянган хүн Монголоороо гоёж дэлхийд гайхуулсан нэг өдөр болж өнгөрөв. Монголдоо ч яахав сайн л сурталчилагдлаа. Харин дэлхий гайхахаар гадаадын хэвлэл, ТВ–ээр гарсан л байгаа даа. Хэлтэй устай Соёлын яамныхан маргаашнаас тоймыг нь нэг хараад, гадаадад ингэж тэгж мэдээлэгдлээ гэвэл зохион байгуулагчид болон идэвхтэй оролцсон иргэд их л урам орох байх даа.

Энэ удаагийн Дээлтэй монголоороо өнөөх Гиннест бүртгүүлэхээр болсон гэсэн.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
suhbaatariin hoshoo baidgaaraa baij l baig...hairan tsag ard tumeni itgel...ardchilsan nam iimerhuu yanztai ajlaa yabyylah wym bol ahij ard tumnii itgeliig abahgui shuu ...4 jileer hybi zayagaa shiiduuldeg gedgee yamagt sanaj yabah heregtei baih shuu jyrmiin nohod mini ee...tsagaa zob ashiglaarau hairan tsag yabaad bna shuu...
2013-07-23
zochin:
bi huvidaa mash ih durgui hurch baigaa zuil bol Suh janjini hushuug neriig uurchilj baigad eserguutsej baina. Hotiin darga geheeree gantsaaraa dur medej buhel buten ulsiin tuuh soyoliig nuraaj , neriig ni uurchiluh erh Bat-uuld baihgui . UUr hhih ajil baihgui l baina gej uu dee. uruvdmuur ym !!!! bolovsrol medleg baihgui hooson tsagaan tolgoi . ternii orond hotiinhoo hugjil d zovj Tsetserleg , surguuli , emneleg nemj barih talaar avch heleltsuul yadag ym be? udahgui hicheeliin shine jil ehellee
2013-07-23
TUTU:
SHUUGCH NARIIN TSALING NEMEH N ZUITEI IHENH SHUUGCH SHUDRAGA SHUUDEGT ITGEJ BNA YAMAR CH BSAN SHUDRAGA SHUUHED TSALIN NEMEH N GARTSAAGUI UR DUN UGNU
2013-07-22
хуульч маягийн хүн:
тэр цолмонгийн дүүгийнх нь 1994 оны хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр нь болоогүй юмуу. тэр хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд сууж байгаа баагий нар аль ч намд нь байж л байгаашдээ ичээч та нар. иймэрхүү зүйл бичлээ гээд та нар миний бас бидний эсрэг сурталчилгаа хийнэлдээ. ийм юмаараа хоолоо олж идэж байгаа адгуус юм чинь. гэхдээ бүх юмны эцэст биднийг хэнийг ч ялгалгүй та нарын тэр шүтээд байгаа нам чинь биш худлаагаасаа шүтдэг /шүтэхдээ намайг баян болгож өгөөч гэж ганц юм гуйдаг/ бурхан шүүнэ гэдгийг мартсаныг бодоход яалт ч үгүй та нар мал л юм даа та нар
2013-07-22
ам асуугч:
шүүгч нар 3,7 сая төгрөгийн цалинтай боллоо гээд жишээ нь 3 тэрбум төгрөгний хэрэг шүүх үед аль нэг таль нь 10 хувь буюу 300 сая төгрөг /хэдэн жилийн цалин болохыг та бодоод үзээрэй. лав бага тоо гарахгүй дэгээ/өгвөл би төрийн албан хаагчийн хамгийн дээд цалин авч байгаа учир наадахыг чинь авахгүй ээ. эбээгийн өгсөн цалин хангалттай гэх юм уу тээ. тэгээд бид үүнийг нь үнэмших ёстой юмуу тээ хошин шогийн хэд нэг номер болгоорой. гэхдээ эбээгээс төмөр аваад зүүцэн болохоор чадахгүйлдээ тэд
2013-07-22
цээеэ:
ЧИНГИСИЙН ТАЛБАЙГ ТУСАД БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ТАНАЙД ХҮН ОРЖ ИРЭЭД ЭНЭ АЙЛЫГ МИНИЙ НЭРЭЭР НЭРЛЭЖ БАЙЯ ГЭВЭЛ ТЭГЭЭ ТЭГ ГЭХ ХҮН БАЙХГҮЙ Л БАЙЛГҮЙ
2013-07-21
Чингэсийн хөшөөг зөө:
Чингэсийн хөшөөг тэр Бурхан халдун уул руу нь шилжүүл. Хойморт ямар ч сүлд байхгүй урлаггүй харлайсан юм харагдаад байдаг юм. Харин жанжны морь унаж толгойгоо дээш болгон гараа өргөсөн цоглог хөшөө хийморийг минь сэргээдэг юм.Үс нь цайсан дампуу Батүүл(Чам шиг шалиг юм ийм юм хийж болохгүй!) буруу зөнөж байна.
2013-07-21
шүүгч+цалин:
шүүгчдийн цалинг нэмлээ гээд шууд л шударга ажиллаад эхэлнэ гэвэл юу л бол
2013-07-21
медаль:
казанид медалийн тоогоороо 11т, гэхдээ ингэж тооцдогүй, чансаагаараа 20д бичигдсэн энийг багийн албан бус байр гэж олипд ч хэрэглэдэг юм
2013-07-21
Зочин:
Эрчим хүчний салбарыг буруу хүмүүсд өгчээ гэж бодогдож байна? Энэ Энхсайханы хүмүүс олон жилийн хорсолоо АН ын нэр хүндийг унаган дахин сонгогдохгүй болгох хүслээ гүйцээх гэж буй нь энэ дээ?
2013-07-21
ЗОЧИН:
бид чинь ямар нийгэмд амьдраад байна даа өдөрт л өчнөөн хүн хоригдлоо гэх юм хүний мөс чанар ямар ч болчихсон юм шоронд хийгээд бай цаазлаад бай л гэх юм даа
2013-07-21
Билэгтийг шалга:
Билэгт хэн хэнийг хөлдөө чирэх болдоо. Хотын дарга байхдаа зүгээр байгаагүй хүн дээ. Билэгтийн нууц хөрөнгө энд тэндгүй л байгаа даа. Хүүхдүүд, найз нөхөд, ил далд хүүхдийнх нь нэр дээр өчнөөн хөрөнгө байгаа, бас хичнээн мөнгө орж гарсан л байгаа. Шалгах хэрэгтэй.
2013-07-21