Ц.Шижир: 0,7 га газар авсан иргэд зуслангийн газар өмчлөх боломжгүй
2013-07-22

“Газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх” тухай нийслэлийн Засаг даргын  А/624 тоот захирамжаар НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 25 дугаар тогтоолоор батлагдсан 26 байршилд Ерөнхий төлөвлөгөөний дагуу зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг иргэдэд өмчлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Захирамжийн биелэлт ямар шатандаа явж байгаа талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.
.
-Нийслэл анх удаа иргэддээ зуслангийн газрыг өмчлүүлэх гэж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ? -Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын бэлтгэл хийгдэж байна. 8 сарын 1-нээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу зуслангийн газарт хамаарагдсан газрыг иргэдэд өмчлүүлж эхэлнэ.  Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  26 амны наймд нь  27 000 иргэнд зуслангийн газрыг нь өмчлүүлэх боломжтой болоод байна. Цаашид ч бусад амуудад газар өмчлөгдөнө.
.
- Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд ямар шаардлагыг хангах ёстой вэ? -Бид ирэх сарын нэгнээс зуслангийн амуудад “Зуслангийн товчоо” байгуулна. Энэ товчоо нь иргэд зуслангийн газраа хэрхэн өмчлөх, шинээр газар авахад ямар шаардлагыг хангасан байх талаар дэлгэрэнгүй мэдээллийг бүгдийг нь өгнө. Хаана, хаана товчоо байгуулагдсаныг тухай бүрд нь хэвлэл мэдээллээр мэдээлэх болно. . -Иргэний өмчилж авах газрын хэмжээг хэрхэн тогтоож байгаа вэ. Хот дотор 0,7 га газраа авсан иргэд зуслангийн газар өмчилж болохуу? - Гэр бүлийн хэрэгцээний 0,7 га газар авсан иргэд зуслангийн газар өмчлөх боломжгүй. Ямар нэгэн газар өмчилж аваагүй иргэд “Газар өмчлөл”-ийн тухай хуулинд заасанчлан дээд тал нь 700 м2 газрыг өмчилнө Үүнээс хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд зарим хэсэг нь орсон бол хэмжээнээс нь хасагдаж олгогдоно.
.
Хамгийн гол нь иргэдэд зуслангийн газар өмчлүүлчихээд дараа нь газраас нь хумсалж зам, барилга барихгүйн тулд эхнээсээ олгохдоо хотынхоо ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг тооцож өмчлүүлэх юм.
.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин