Тэнгэрлэг тендер
2013-07-31

Хийсэн юмгүй дээ, нэг тендер л авчих санаатай яваад байна гэх яриа нэг хэсэг “моод” болсон. 20 хувь нь авлигад яваад 40 хувиар нь ажлыг нь аргалчихад тэрбумаас буухгүй мөнгөтэй үлддэг тендер гэж нэг тэнгэртэй ажил байна. Хийморьтойд нь харагдана гэдэг шиг намтай, бүлэглэлтэй нэгэнд олддог үнэн унацтай ажил.

Тендер. Энэ бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг үйл ажиллагаа. Үүнийг бүгд л мэднэ.

.

Харин сүүлийн жилүүдэд төрийн болон орон нутгийн хөрөнгөнөөс өөртөө “том юм” унагах ажил болж нэр агуулгаа өөрчлөөд байгаа. Мөн хуулинд "тендер" гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, "тендер шалгаруулалт" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, "тендерт оролцогч" гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно.. гээд заачихсан байгаа юм.

.

Хуулийн энэхүү “тендерт оролцогч захиалагчаас хараат бус этгээдийг ойлгоно” гэсэн заалт амьдралд харин эсрэгээрээ эргэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд авлига ашгаараа чих дэлдийлгээд байгаа тендерт ялагчид ихэнх нь захиалагчтай /төрийн төлөөлөлтэй/, ах дүү найз нөхөд ураг төрөл, авлига шагнал зэргээрээ холбогдсон буюу эрх ашгийн сонирхлоор бие биендээ хараат болсон хүмүүсийн нэгдэл болсон нь харагдана.

.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын хэрэг гэхэд яамныхаа зарласан тендерт өөрийнхөө эзэмшлийн компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан байх жишээтэй. Бүр шударга өөрийнхөө компанийг шалгаруулчихсан. Тэгээд дээр нь хуучин тоног төхөөрөмж шахсан гэдэг.

.

Улсад учирсан хохирол 1.7 тэрбумаар яригдаж байгаа. Уг нь бол тендер гэдгийг бусдад шударгаар өрсөлдөх боломж олгож байгаа гэж ойлгоно. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ болсныг дээрх жишээ харуулна.

.

Төрөөс төрсөн тэрбумтнуудын “амжилт”-ын гараа нь дээрх шударга бус замаар авсан тендер байсан гэдэг яриа ортой байх. Наана нь нэр дуулдаад байгаа авлига авсан, баяжсан гэх томчуудын ард тендер “горилогч”-ийг эвтэйхэн дарамталж жижиг нөлөөллөөр оролцож хувь цохин тендерээс баяжсан хөлжсөн, яам тамгын хурган дарга, мэргэжилтнүүд, зуучлагчид их бий. Яам тамгын газар ажилладаг, тендерт хамаарах орчинд ажил үүрэг нь хамаардаг нөхдөөс тансаг байргүй, машингүй, цалингийн амьдралтай явдаг төрийн албан хаагч олоход бэрх.

.

Тендерийг шалгаруулах журмыг зөрчсөн албан хаагч түшмэдүүд ямар хариуцлага хүлээх вэ. Хуульд зааснаар бол үнэн “хаширмаар” арга хэмжээ шийтгэлүүд байнаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа болон ажил үйлчилгээ худалдан авах хуулинд “...57.1.9. захиалагч тендер шалгаруулалтыг шударга бус явуулж, энэ хуулийн 29.1-ийг зөрчиж, “хамгийн сайн” үнэлэгдээгүй тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон бол захиалагчийг 200000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох” гэсэн байна. Мөн хуулинд зааснаас бусад үндэслэлээр тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон бол  захиалагчийг 200000-250000  төгрөгөөр торгох,у даа иймэрхүү зөрчил гаргасан бол ажил, албан үүргээс нь чөлөөлөх гэх жишээтэй.

.

Өөрийнхөө хэмжээнд асуудлыг зохицуулж өгөөд тендерт өрсөлдөгчөөс дор хаяж 10 сая төгрөг авчихаж байгаа албан хаагч 250.000 төгрөгөөр торгуулахдаа “баярлалаа” гэж хэлчихгүйн тулд хэлээ хазах л бэрхшээл гарах байх.

Сүүлд хуулийн энэ заалтыг  өөрчилж тендер будилуулагчийг 10-20 сая төгрөгөөр торгодог болгох тухай 2010 онд Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нарын УИХ-ын зургаан гишүүн хамтран өргөн барьсан байдаг.

.

Тэнгэрлэг тендерийг дагаж дэвжигсэд олон.

Харин хохирогч нь төр хийгээд өнөөх олон нийт, иргэд. Сүүлийн жишээ гэхэд Долоон буудал, Чингэлтэй, Бэлх болон хойд чиглэлийн зуслангийн нийт 50 мянга гаруй айлыг хангах ёстой дэд станц намагт живж, нурж унах шахсан шуугиан. Энд бөөн хардлага байна. Уг станцыг барих тендерт “Автоматик” ХХК ялж, нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан гэж байгаа. Ингэхдээ рашааны толгой дээр намаг дунд барьчихсан юм байх. 2009 онд төсвийн хөрөнгөөр барьсан энэ станцыг одоо 10 метр газар зөөх гэж төр дахин бөөн мөнгө зардал гаргаж, иргэд нь халуун зун сүүгээ гашилгаж, нойтон махтайгаа үнэр орох шахан 43 цаг цахилгаангүй сууж байна.

.

Ямар нөхдүүд, ямар замаар энэ тендерт ялж, 50  мянга гаруй өрх айлын цахилгааны асуудалд ийм ядмаг тооцоотой хандаж, богино настай ажил гүйцэтгэл хийсэн бэ? Намган дээр цахилгааны дэд станц босгох ажил яваад байхад явц, гүйцэтгэлд нь хяналт тавих ёстой захиалагчийн төлөөлөл, төрийн түшмэд яагаад таг дуугүй байсан бэ? Амыг нь хэн юугаар үдчихсэн байсийн бол. Ийм чанаргүй, найдваргүй ажлыг хүлээн авахад нь хэн нөлөөлсөн бэ? Одоо учраад байгаа төрийн ба иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг хариуцлага тооцсон асуулт бүдгэрэх ёсгүй.

.

Энэ 2.4 тэрбум төгрөгийн тендерийг эргэн харж, хөөн сурвалжилж булхайг олон нийтэд ил болгож, буруутай нөхдүүд хууль шүүх, АТГ-таа очих ёстой.

Тэнгэрлэг тендер гэж байх ёсгүй, шударга авилгагүй тендер байх ёстой. Үүнээс төр чанартай ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүнээ авдаг байх ёстой. Түүний үр дүнг иргэд хүртэж амьдрал, ахуй байдалд нь дэвшил гарч байх учиртай.

Үүнийг бид шаардах, бас хянах эрхтэй.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tenderiin huvia uguuguigees bolood huviin kompani tusgai zuvshuuluu sunguulj chadahgui l bolchihdog yum bna lee
2013-07-31
Зочин:
Баярлалаа. Яг үнэнийг сайхан бичсэн байна. Хүн ам цөөхөн, хоорондоо хамаатан, танил тул баригдаж шийтгэгдэх нь ховор. Хүн амын тоо 5 сая хүрэх үед нэг гайгүй болох байх
2013-07-31
батаа:
Баян зүрх дүүргийн авто вокзалын гаднах фасад хийх ажиллын тендер 45 саяар зарлагдсан юм. манайх тэр үнээр чулуун фасад хийж өгнө гэж оролцсон хэдийч Автотээврийн үндэсний төвийн дарга Баярсайхан өөрийн танилийн ххк оруулж хийлгэсэн. тэр байгуулага нь үсрээд 8 сая төгрөгний хөөсөнцөр фасад хийгээд явсан байна лээ
2013-07-31
ЗОЧИН:
шударга тендэр бий болтлоо удах байлгүй дээ. сэтгүүлчид хийрхэж, хууль журам нь хөсөрдөж, хэн эрх барьж байна, түүний хамаатан садан тендэрт ялах нь тодорхой. Өнөөдөр сэрсэн юм шиг сонин юм ярих юм даа.
2013-07-31
зочин:
Алтанхуяг сайдын хамаатан үүнд хамаарахгүй юу?
2013-07-31
гүндүүгүй:
манай төрийг ганц л үгээр тодорхойлж болно. Тэр нь Д Э Э Р Э М Ч И Н мөн утга адил Л У Й В А Р Ч И Н, Х У Л Г А Й Ч гэдэг үгүүдээр ч орлуулж болох юм
2013-07-31
zpchin:
ODOO BUUR TENDER CH HIIHEE BOLISON SHUU DEE, SHUUD GEREE BAIGUULDAG BOLSON.. BARIGDAHAARAA GURIICHIHEJ BOLNO...
2013-07-31
banzai:
bulhaitai tender
2013-07-31