Завьт эргүүлийнхэн хүний амь аварчээ
2013-08-01

  Нийслэлийн Аврах ангийхан өчигдөр Туул голд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл хийж яваад хүний амь аварсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршлын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг иргэд 18:40 цагт ирүүлснээр завьт эргүүлээр ажиллаж байсан эрэн хайх аврах  бүлэг дуудлагын дагуу газарт очиход 38 настай эрэгтэй С усанд живж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.   Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран голын усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр завьт эргүүлийг 3 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд иргэдийн голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол багассан нь үр дүнтэй ажил болсон гэж Онцгой байдлын албан хаагчид хэлж байна.   Эрэн хайх шуурхай салбарын завьт эргүүлийн бүлэг өчигдөр ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн 2 цагдаатай хамтран 14:55 цагаас оройн 19:40 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрнээс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүүр хүртэл усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 326 иргэн /42 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар санамж сэрэмжлүүлгийг хүргэж ажилласан байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин