Ө.Энхтүвшин: Олон түмэнд хүрч ажиллаагүй нь бидний алдаа
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Бага хурлын гишүүн Б.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Оюунчимэг нар өнөөдөр МАН-ын VIII бага хурлын үеэр хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
4 Ө.Энхтүвшин энэ үеэр “МАН-ын Бага хурал энэ удаагийн хуралдаанаар УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нам яаж оролцсон, үр дүн, ялагдлын шалтгаан цаашдын зорилгоо тодорхойлсон намын даргын илтгэлийг авч хэлэлцсэн. Мөн “Шинэчилье” хорооны илтгэлийг авч хэлэлцсэн. Намын гишүүд энэ хоёр сонгуульд хариуцлагатанууд яаж оролцсон, хүн бүрийн оролцоо ямар байсныг авч хэлэлцсэн бөгөөд хамгийн гол нь Их хурлыг товыг гаргалаа. Намын их хурлыг хуралдуулах цаг болсон. Орон нутгийн сонгуулийн дараахан хуралдуулна гэж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хойшлуулсан байсан. Энэ дагуу Бага хурал хуралдсан. Намын 27 дугаар Их хурлаа ирэх аравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар товлолоо. Өдөр ч нь их сайхан тохирч байгаа. Мөн Бага хурлаар улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ч ярилцсан. Бага хурлын гишүүдээс Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, 1143 гишүнтэйгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсон. Ялангуяа намын анхан шатны байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү 1143 төлөөлөгчийг хэрхэн сонгох журмыг мөн Бага хурлаар баталсан” гэлээ.
4 Бага хурлаар ярьсан дараагийн онцлох асуудал нь намын шинэчлэлээс илүүтэй улс орны нийгэм эдийн засгийн байдал, тэр дундаа төсөв мөнгө, эдийн засгийн байдал ард түмний аж амьдралд яаж нөлөөлөхийг чухалчилж ярьсан. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хийх ёстой гэдгийг Бага хурлаас шийдвэр гаргасан. Намын дотоод асуудлаас илүү ард түмний аж амьдралд нам яаж анхаарч ажиллах ёстой гэдгийг ярилцсан. Бага хурал намын шинэчлэлийг гол зорилго болгоогүй бөгөөд Их хурлыг товлон зарлах нь нэн чухал асуудал байсан гэв.
4 Мөн энэ үеэр МАН-ын өнгөрсөн сонгуулиудад гол ялагдсан шалтгаан нь юу байсан гэдгийг түүнээс тодруулахад “Сонгуульд ялагдахад биднээс хамаарсан болон үл хамаарсан хүчин зүйл нилээд бий. Тухайлбал, бид зөвхөн намын гишүүддээ анхаарал хандуулж, олон түмэнд сайн хүрч ажиллаагүй гэж үзсэн. Энэ нь эгэл жирийн иргэд, нам бусчуудад чиглэсэн ажил бага хийсэн гэсэн үг. Тиймээс намын бүлгийг ажилд нь оруулж, ард иргэдэд чиглэсэн ажил их хийнэ” гэдгийг Ө.Энхтүвшин дарга онцолж хэллээ.
4
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ