Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийг хангалтгүй гэж үнэллээ
2013-08-07

Монгол, Орос, АНУ-ын байгаль орчин хамгаалах солилцооны хөтөлбөрийн манай улс дахь үйл ажиллагаа өндөрлөлөө.

Энэхүү солилцооны хөтөлбөрийг манай талаас “Иргэний боловсрол төв” болон Монгол улсын байгаль орчны иргэний зөвлөл, Оросын талаас Буриадын байгалийн бүс дэх асуудал хариуцсан олон улсын байгууллага, АНУ-ын Баруун өмнөд мужийн судалгааны төв хамтран долоо дахь жилдээ явуулж байна.

Үйл ажиллагаа нь АНУ, Орос гэх  уул уурхайн нөхөн сэргээлт өндөр хөгжсөн орнуудын туршлагыг эх орондоо нэвтрүүлэх зорилготой юм. Тэд солилцооны хөтөлбөрийнхөө хүрээнд Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн нөхөн сэргээлттэй танилцжээ. Мөн Сэлэнгэ аймагт “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхон чанарт нь үнэлэлт өгч, цаашид хийх ёстой зүйлийнх талаар ярилцсан байна. Ингэхдээ манай улсын  уул уурхайн компанудын нөхөн сэргээлтэд хангалттай бус гэсэн үнэлэлт өгчээ.

Тус хөтөлбөр нь нэг улсад 10 гаруй хоногийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд оны сүүлчээр АНУ-д нэгдсэн уулзалтыг зохион байгуулдаг аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд байгаль хамгааллын бусад асуудал болон сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийгддэг юм байна.

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин