
Барууныхан Иранд хүчтэй шахалт үзүүлж эхэллээ. АНУ, Канад, Их Британи улс Иранд шинээр хориг арга хэмжээ тавьснаа зарлалаа.
Энэ тухай өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хатуу мэдэгдэл хийжээ. Ираны цөмийн хөтөлбөр дуусах шатандаа явж буй энэ үед өрнөдийн гүрнүүд янз бүрээр хориг арга хэмжээг олон улсын түвшинд тавьж буй бөгөөд цэргийн ажиллагаа явуулж болзошгүй тухайгаа ч сүүлийн үед ил тодоор зарлах болсон.
АНУ, Их Британи Иранд шахалт үзүүлэх тал дээр идэвхтэй зогсож буй бөгөөд үүнд Канад улс нэмэгдэж орсноо ийнхүү зарлаж байна.
Эдгээр улсууд Ирантай холбоотой бүх салбарын үйл ажиллагааг хааж, санхүү мөнгөний гүйлгээ, данс сэлтийг ч зогсоосон байна. Үүний өмнөхөн Европын холбоо Иранд хориг арга хэмжээ тавьсан бөгөөд Их Британи, Франц улсууд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлөөс албан ёсны хориг арга хэмжээг Иранд тавихыг шаардаж байгаа.
Харин Иран улс урьдын адил цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлж буйгаа мэдэгдээд, ямар ч дарамт шахалттай нүүр тулсан зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн гаргасан тайланд тус улсыг цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж буйг зарласан. Үүнийг улстөрийн зорилготой явуулга хэмээн Иран улс эрс эсэргүүцэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ