Амгалан дулааны станц 50 мянган өрхийг дулаанаар хангана
2013-08-21

Улаанбаатар хотын дулааны станцууд баруун хэсэгтээ төвлөрдөг. Зүүн хэсгийг хангах дулаан нь 27 орчим километр замыг туулан хэрэглэгчдэд хүрдэг. Иймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн, 300 МВт хүчин чадалтай тус бүр гурван зуухтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилго бүхий энэхүү Амгалангийн дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж  ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангах юм.
Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна.“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлэн 2014 оны наймдугаар сарын 25-нд хүлээн авахаар болжээ. “УС-15” халаалтын зуухыг барих шав тавих ёслол өнөөдөр болж, Эрчим хүчний сайд М.Сономпил, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, төслийн ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын “Машин, инженерийн корпораци”-ийнхан оролцлоо. Дулааны станц ашиглалтад орсноор нийслэлийн зүүн хэсгийн 50 мянган өрх айл найдвартай дулаанаар хангагдах аж. Дулааны станц барихад зориулж  нийт 10.5 га газар чөлөөлөхөөр 15 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 7 га газрыг нь чөлөөлж, нийслэлийн төсвөөс зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Үлдсэн 3.5 га газрыг удахгүй чөлөөлөх ба үл хөдлөх хөрөнгө бүхий 3-4 аж ахуйн нэгж газар эзэмших гэрээгээр ашигладаг ажээ. Барилгын ажлын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил, газрыг чөлөөлөх ажилд хамтран оролцсон нийслэлийн удирдлагууд болон өмчлөн авсан газраа чөлөөлсөн иргэд, аж ахуйн нэгжийнхэнд талархсанаа илэрхийлээд “Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд ажлаа эхэллээ. Ирэх оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад оруулж нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг халуун дулаанаар хангана. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар гэрээнд тусгасан. Тухайлбал, нам температурт буцламтгай шаталттай технологийн зуухыг суурилуулснаар агаарыг бохирдуулах исэл болон хүхрийн ялгаралт эрс буурна. Мөн ойр орчмын 86 уурын зуух энэ станц ашиглалтад орсноор татан буугдаж нийслэлийн агаарын бохирдол багасах юм” гэлээ.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин