Сурах бичгийн үнэ дунджаар 2440 төгрөг байна
2013-08-21

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн хэвлэлт дуусч, хөдөө орон нутаг болон нийслэлийн сургуулиудад тараагдах ажил ид өрнөж байна. Сурах бичгийн асуудлаар албаныханы өгсөн мэдээллийг хүргэж байна.

6

Сурах бичиг хэвлэн нийлүүлэлт 95 хувийн гүйцэтгэлтэй байна

Шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа ороод байна. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн  нийлүүлэгдэнэ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн 1 359 822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн багшийн ном хэвлэхэд 3,2 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. Үүнээс:

-Бага ангийн 38 нэрийн 766 654 ширхэг сурах бичиг бүгд нийлүүлэгдсэн.

-Дунд, ахлах ангийн шинээр зохиосон 24 нэрийн 366 068 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж дууссан.

-Эцэг, эх нь сурах бичиг худалдан авах боломж муутай дунд, ахлах ангийн сурагчдад сургуулийн номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй хэрэглүүлэх 75 нэрийн нийт 227 100 ширхэг сурах бичгийг нийлүүлж дууссан.

6

Сурах бичгийн хүртээмж 86.8 хувьд хүрнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн нийт сурагчдын 86.8 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагдлаа.  Сурах бичгийн хүртээмж өнгөрсөн оноос 21,2 хувиар нэмэгдэж 86,8 хувьд хүрлээ.

-Бага ангийн сурагч бүр бүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдана. Бага ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 100 хувь болно.

-Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104382 сурагч тухайн ангид судлах  бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн 1 хүүхэд хамрагдана.

-Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,8 хувь болох  122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч 42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).

6

-Дунд, ахлах ангийн сурагчдын 13.2 хувь болох 34446 сурагч нь зах зээлээс сурах бичгээ худалдан авна. Сурах бичгийн зах зээлийн дундаж үнэ 2440 төгрөг байна.

Хичээлийн жил

2012-2013

2013-2014

Өөрчлөлт

Сурах бичгийн хүртээмж

57.6%

88,8%

23.4%

Үнэ төлбөргүй сурах бичиг хэрэглэх

40%

40%

-

Түрээсийн тогтолцоонд хамрагдах

17.6%

48.8%

31.2%

Зах зээлээс худалдан авах

42.4%

11.2%

-31.2%

Зах зээлд борлуулах сурах бичгийн дундаж үнэ ₮ /багцаар/

2610

2440

-170

2013-2014 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 506 сургуулийн дунд, ахлах ангийн 122127 сурагч нийт 1 419 001 сурах бичгийг түрээсээр ашиглана. Харин ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн үлдсэн 115 ерөнхий боловсролын сургуулийн (Нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн төвийн болон төвийн бүсийн зарим сумдын сургууль, энэ онд шинээр байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицей сургуулиуд) дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдан авна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.

Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

6

2013 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлог

-Хичээл бүрийг багшийн номтой болгох ажлыг энэ жил эхлүүлсэн. Энэ жил шинээр зохиогдсон 6, 11 дүгээр ангийн сурах бичиг бүрийг багшийн номтой цогц байдлаар боловсруулж, хэвлэн нийлүүллээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөрүүлж, хүүхдэдтэй ажиллах цаг нэмэгдэн, сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой.

-Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн боловсролын чанарт анхаарч, оюуны хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн монгол хэл, математикийн сурах бичгийг анх удаа зохиож хэвлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдэж байна.

-Казак хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Ховд сумын сургуулиудын бага ангийн сурах бичгийг 3 жилийн өмнөөс эхлэн казак хэл рүү орчуулан хэрэглэж байна. Түүнчлэн Эх хэл /казак хэл/-ний сурах бичгийг зохиож, хэвлэн хэрэглэж байна.

-Шинээр зохиосон сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй нийцтэй, зөв бичих зүйн алдаагүй, ойлгомжтой байх, сурах бичгийн зохиомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх, хүүхэд бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн сонирхолтой арга зүй, технологийн дагуу зохиох, номын зохион бүтээлт, өнгө үзэмж сайтай байхад онцгой анхаарсан.

-Сурах бичгийн эдэлгээ, хэрэглээ даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд чанарын шаардлага хангасан цаасаар хэвлэн, оёж, наах технологийг нэвтрүүлээд байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн, ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын үүрэх ачааг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарч ажилласнаар нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт сурах бичгийн жин 1,5 кг-аас хэтрэхгүй байна.

Бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулна.

6

Сурах бичгийн худалдаа энэ сарын 20-эоос эхэлжээ

Зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2440 төгрөг байгаа нь өнгөрсөн оноос 170 төгрөгөөр буурсан байна.

Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдана.

Энэ хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

2013 онд шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч “Соёмбо принтинг” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн-Үсэг” ХХК, “Адмон принт” ХХК, “Сод пресс” ХХК, “Би Си Ай” ХХК, “Тэнгэрлэг-Үсэг” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Ном хур” ХХК, “Улаанбаатар принт” ХХК “Аз хур” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байгаа аж.

6

П.Наран

Shuud.mn
Сонин хачин