Хурц халдашгүй эрх ямба, дархан эрхийг эдлэх ёстой тул чөлөөлж суллах бүрэн үндэслэлтэй гэжээ
2011-01-06

Б.Хурцын шүүх хурал өчигдөр “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд болж түүнийг батлан даалтад гаргах асуудлыг энэ сарын 12-ны өдөр хэлэлцэх шийдвэрийг шүүгч  гаргалаа. 12-ны өдөр зөвхөн батлан даалтад гаргах асуудлыг ярилцах бөгөөд  дараагийн  албан ёсны шүүх хурлыг   ирэх хоёрдугаар сарын 3 –ны өдөр хийхээр болсон байна.

Өчигдрийн   шүүх хуралд  түүний эхнэр Ү.Сарнай болон    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар,   Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор,  Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх, консул Н.Батаа нар оролцлоо. Харин Английн талаас тус улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамыг төлөөлсөн өмгөөлөгч, тус яамны хуулийн зөвлөхүүд оролцсон байна.

Түүнийг дөрвөн сарын дараа   анх удаа олны өмнө харагдсан гэдгийг Английн хэвлэлүүд онцолж байгаа юм.  Мөн тэрбээр  шүүх хурлын танхимд орж ирсэн гэр бүлийнхээ хүнийг  үнссэн гэдгийг бичсэн байна.  Мөн  эхнэр Ү.Сарнай  нь нөхрийнхөө өмнөөс Английн шүүгчдээс уучлал хүссэн бол  Б.Хурц    өөрийг нь Английн тал хуурч аваачин баривчилсан гэдгийг, өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдүүлсэн талаар хэвлэлүүдэд гарсан байгаа юм.  Тэрбээр хөх жинсэн өмдтэй, цагаан саарал цамцтай байсан байна.

Түүнчлэн өнөөдөр  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан мэдээлэл хийсэн юм. Хурлаар Б.Хурц нь Тусгай үүргийн олон улсын конвенцийн хүрээнд халдашгүй эрх ямба, дархан эрхийг эдлэх ёстой НҮБ-ын конвенцид хамаарах субьект бөгөөд үүний дагуу түүнийг чөлөөлж суллах бүрэн үндэслэлтэй гэсэн тайлбарыг  Монголын талын өмгөөлөгч Алан Жонс шүүхэд танилцуулсан гэж хэлж байна.

Мөн  шүүх ямар ч байсан батлан даалтад гаргах эсэхийг  тусгайлан хэлэлцэхээр болсныг  Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан  хэлсэн бөгөөд хэрхэн шийдэхийг урьдчилан хэлж мэдэхгүй байна гэлээ. Түүнчлэн,  Монголын талаас  Б.Хурцтай шууд   холбогдох шаардлага байхгүй. Учир нь  Ажлын хэсгийг Лондонд төлөөлж байгаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл,   Зөвлөх, консул Н.Батаа нар шаардлагатай үедээ Б.Хурцтай биечлэн  уулзаж байгааг үгүйсгэхгүй  байна. Мөн өчигдөр хуралд суусан төлөөллүүд уулзсан байх гэж байна.

12-ны өдөр батлан даалтад гаргах эсэх  асуудлыг хэлэлцэх үеэр эхнэр нь болоод өчигдөр хуралд оролцсон төлөөллүүд байлцах уу гэдгийг тодруулахад “гэр бүлийнх нь хүн оролцох үгүйг мэдэхгүй. Харин Ажлын хэсгээс төлөөлөл байлцах байх. Гэхдээ эндээс үү. Эсвэл Лондонд байгаа Ажлын хэсгийн төлөөлөл оролцох уу гэдгийг тухайн үед нь ярилцаад шийднэ байх” гэлээ.  Мөн хурал  “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд болно гэдгийг хэлэв.

Мөн Б.Хурцын өмгөөлөгч Мак Дональд  уу эсвэл Алан Жонс уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл энэ хоёр эрхмийг  нэг баг  болж ажиллаж байгаа гэдгийг  хэллээ. Шүүх процессийн онцлогоос шалтгаалаад хоёр төрлийн өмгөөлөгч оролцдог гэв. Харин шүүх хурал дээр тайлбараа албан ёсоор тавьж байгаа өмгөөлөгч нь Алан Жонс  юм байна.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралд оролцож байсан юм. Тэгвэл тэрбээр тэр үед Б.Хурцтай уулзсан тухайгаа өнөөдөр хэлж байна. Б.Хурцын биеийн байдал сайн, хоригдож байгаа нөхцөл  хэвийн гэж ойлгож буйгаа ч мөн хэлж байна.

Э.Болор

Shuud.mn
Сонин хачин