Өвөлд бэлэн үү
2013-09-11 08:20

  Улс өвөлд хэр бэлэн байгааг “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр дэлгэрүүлэн ярилцлаа. Хэлэлцүүлгийг Шадар сайд Д.Тэрбишдагва удирдан явуулж, өвөлжилтийн бэлтгэл хангахад гол үүрэгтэй яам, агентлагийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм. 2013-2014 оны өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч олон жилийн дунджаас 1-2 хэм илүү байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Нийт нутгийн 70 гаруй хувьд өвөл, хавартаа бэлчээрийн даац хэвийн байх боломжтой бол Баянхонгор, Дорноговь зэрэг зуншлага сайнгүй байсан бүс болон Ховд, Увс, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангайн зарим сумын нутагт бэлчээрийн даац хэтэрч хүйтний улиралд хүндэрч болзошгүй гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өглөө.

Хадлан тэжээлийн 30 хувийг одоогоор бэлтгээд байна

Энэ өвөл 44 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан, үүнд 1,4 сая тонн хадлан тэжээл шаардлагатайгаас 30 хувийг бэлтгээд байна. Отрын гол бүс нутгуудад 5 сая мал өвөлжүүлнэ, 11 дүгээр сараас мал, малчдаа оруулж эхэлнэ гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ургац хураалт, нөөцлөлтийн тухайд, улсын хэмжээнд одоо байгаа 16 том элеваторт 400 мянган тонн улаанбуудай хүлээн авч хадгалах боломжтой. 170 мянган тонн төмс, хүнсний ногооны зоорь бэлэн байгаа, нэмээд энэ намар 48 мянган тоннын багтаамжтай зоорь ашиглалтад оруулна. Голлох төрлийн хүнсний ногооны хэрэглээгээ 2016 он гэхэд дотоодоосоо бүрэн хангах зорилтыг Шинэчлэлийн Засгийн газраас тавьсны дагуу хаврын тариалалтаар байцаа, лууван, сонгино зэрэг ногооны тариалалтыг нэмснээр өмнөх жилүүдээс төрөл тус бүрт нь 7000 хүртэл тонн илүүг хураана. Ургац хураалтад оюутнууд, цэргүүдийг оролцуулах шинэ зохион байгуулалт хийж, одоогийн байдлаар 700 гаруй цэрэг, 250-аад оюутан орон нутгийн захиалгаар ажиллаж байна гэсэн мэдээллүүдийг тус яамнаас нэмж өглөө.

Эрчим хүчний хэрэглээний 17 хувийг импортоор авна

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл улсын хэмжээнд 75 хувьтай хангагдсан. Дулааны бүх тоноглолыг 9 дүгээр сарын 15, цахилгааныхыг 10 дугаар сарын 1 гэхэд өвлийн ачаалалд шилжүүлэхэд бэлэн болгох юм байна. Энэ онд багтаан 5 сумыг төвлөрсөн цахилгаан хангамжийн системд холбосноор 4 сум л дизель станцтай үлдэж байна. Монгол гэдэг айлын эрчим хүчний хэрэглээ энэ өвөл 225 сая квт-аар нэмэгдэж, энэ хэрээр дээрх хэрэгцээг найдвартай хангах хүндхэн үүргийг эрчим хүчний салбарынхан хүлээсэн юм. 2013-2014 оны өвөл эрчим хүчний хэрэглээний 75 хувийг ДЦС-уудаас, 7 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 1 хувийг дизель станцаас хангаад, үлдсэн 17 хувийг импортоор авахаар бэлтгэж байна. Нүүрсний уурхайнуудын өвлийн нөөцлөлт 60 хувьтай явна гэж мэдээлээд, анхаарах хоёр асуудал байгааг салбарынхан учирлалаа. Говь-Алтай аймгийн төвийн зарим хэрэглэгчийг дизель станцаар хангахаас аргагүй байгаа учир дизелийн түлшний зардлыг шийдвэрлэх, мөн өвлийн горим ажиллагаа эхлэх 11 дүгээр сараас хойш барилга, газар шорооны ажил хийхдээ цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам гэмтээхгүй байлгахад шат шатны удирдлагууд зөв зохион байгуулалт хийж шаардлага тавих хэрэгтэй байна гэв. Нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийн 120 мянга нь сайжруулсан зуухтай болсон, 12 дугаар сарын сүүлч гэхэд 45-60 мянган өрхөд нийлүүлэлт хийж дуусгана. Харин ТЭЦ-2 станцыг түшиглэн барьж буй шахмал түлшний үйлдвэр одоо болтол ашиглалтад ороогүйгээс боловсруулсан түлшний хангамж тасрах эрсдэлтэй байна гэж хотын захиргаанаас хэллээ. Үйлдвэрийн ажлыг гацаагаад байгаа зууханд дахин тохируулга хийж, сүүлийн 3 өдөр туршилтын галлагаа хийсэн, амжилттай болбол шахмал түлшний үйлдвэрлэл эхлэхэд бэлэн байгаа гэж үйлдвэр барьж байгаа “Аморе интернэшнл”-ийнхэн тайлбарлав. Өнгөрсөн жил бас ийм тайлбар хэлсээр түлш нийлүүлээгүй, үүнийг давтахгүйн тулд Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, НЗДТГ хамтран тодорхой шийдэл гаргаж, яаралтай хэрэгжүүл гэж Шадар сайд даалгалаа.  

Оноос өмнө 4 цэцэрлэг ашиглалтад орно

Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" хотын төв хэсгийн 260 км замын цас, мөс халтиргаа гулгааг хариуцан цэвэрлэх бол үлдсэн 400 шахам км замын арчилгааг дүүргүүд өөрсдөө хийхээр бэлтгэл хангаж байна. Энэ жил 54 сургууль, цэцэрлэгт их засвар хийж байгаа нь 97 хувийн гүйцэтгэлтэй байна, шинээр барьж буй 20 цэцэрлэгээс 4 нь он гарахаас өмнө ашиглалтад орно. 25 сургууль, цэцэрлэгийн дулааны шугам сүлжээнд доголдол гарч болзошгүй байгааг анхааран ажиллаж байна гэж хотын захиргаа болон холбогдох бусад газраас мэдээллээ. Өвлийн бэлтгэлтэй холбоотой энэ мэт мэдээллүүдийг сонсоод Шадар сайд Д.Тэрбишдагва яамдад хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Яамд тус тусын хариуцсан ажлаа хугацаанд нь дуусгахын тулд орон нутаг, холбогдох доод шатныхандаа уриалга биш албан даалгавар явуулж, график төлөвлөгөө гаргаж ажилла. Хүйтэн, хур тунадас ихтэй өвөл болох шинжтэй байгаа учраас малын отор нүүдлийг хариуцлагатай зохион байгуулахын зэрэгцээ зам даваа хаагдаад малдаа өвс тэжээл, малчиндаа төрийн үйлчилгээ хүргэж чадахгүй мухарддаг байдлыг давтахгүйн тулд оновчтой зохицуулалтууд хий. Түүнчлэн, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь, чанарт онцгой анхаар гэж сайд, удирдлагуудад даалгалаа. Аймаг, сумдтай цахим хурал хийж, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийг мөн үүрэг болголоо. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Гэрлээ:
Төмөр замын 9 давхар 57-р байрны хувьд өвлийн бэлтгэл хангах талаар хийсэн юм юуч алга Сөөхийн дарга нь гэж гурван сөх зэрэг хариуцан ажилладаг ихэл мундаг авгай болсон гэсэн гэвч хийсэн юм юуч байхгүй байна Худал гэвэл Байрных нь подвал дахь дулааны шугамыг шалгаад үзДШС-ний газрын байцаагч нар ажилаа мэдэхгүй байна ш дээ Мэддэг хүнд бол подвалд нь ороод хархад бүх шугам ньзэвэрсэн ус алдсан хаалтууд нь усаа барихаа байсан ийм л дүр зураг харагдана даа
2013-09-11
Ванга:
Энэ өвөл ч яахав цаашдаа Монгол улс байх уу үгүй юу гэдэг л АСУУДАЛ
2013-09-11