Зарим барааны үнэ тогтвортой байна
2013-09-11

  Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд зарж байгаа  35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 9-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өссөн дүнтэй байгааг Нийслэлийн Статистикийн газраас мэдээлж байна.   Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7 814 төгрөг, үхрийн ястай мах 8 663 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 234 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.2 хувиар буюу 389 төгрөг, хонины цул мах 0.4 хувиар буюу 33 төгрөгөөр тус тус өссөн байна. Хонины махыг “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.   Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 900-1000 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 900-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр зарагдаж байна. “Атар” талх “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Хар Хорин” захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Хүчит Шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Марко”, “Макс” хүнсний захуудад хамгийн өндөр буюу 850 төгрөгийн үнэтэй байлаа.  Өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад төмс 1.5 хувиар буюу 7 төгрөг, монгол лууван 8.0 хувиар буюу 110 төгрөг, хятад лууван 14.3 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурчээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин