Жилд 6-9 сая ширхэг арьс, шир боловсруулах боломж бүрдэв
2013-09-16

Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ ажлын эхлэл болгож, арьс ширний үйлдвэр барих газрын асуудлыг шийдвэрлэжээ. Уг газрын байршилтай ҮХАА-н сайд Х.Баттулга очиж танилцсан байна.

.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын ярьж буйгаар арьс ширний үйлдвэр бол төмөр зам, дэд бүтэцтэй ойрхон байх ёстой гэсэн шаардлагын дагуу газраа сонгожээ. Уг газар нь Дархан дулааны цахилгаан станц, уурын шугамтай ойрхон юм байна. Одоогоор 15 га газарт үйлдвэр барих боломжтой гэж үзэж, цэвэрлэх байгууламжийг орчин үеийн шаардлага хангасан технологийн дагуу барьж, үүнд нь аймгийн засаг захиргаа хяналт тавьж ажиллах аж. Цэвэрлэх байгууламжийн хувьд 20 мянган ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтийг  ҮХААЯ шийдвэрлэх юм байна. ҮХАА-н сайд Х.Баттулга энэ талаар ярихдаа  “Европын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахын тулд төмөр зам, газарзүйн байршлынхаа хувьд Дархан-Уул аймаг тохирч байна. Ер нь 10-15 га талбайд үйлдвэр байгуулахад жилдээ 6-9 сая ширхэг арьс, шир боловсруулах боломжтой гэж үзэж байгаа. Төрийн зүгээс санхүүжилтийн асуудал дээр дэмжинэ” хэмээв.

.

Монгол Улсын хэмжээнд жилдээ 10 сая ширхэг малын арьс, шир зах зээлд гардаг гэсэн судлагаа байдаг аж. Үүний 60 хувийг дотооддоо боловсруулах зорилтыг ҮХААЯ тавьжээ. Тиймээс үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна дотооддоо баялаг бүтээх өргөн боломж нээгдэж байгаа юм байна.

.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин