Цагдаа, цэргийнхэн спортоор өрсөлдөнө
2013-09-23

Дотоодын цэргийн   аварга шалгаруулах "Жижиг бүлгийн тактик-2013" тэмцээн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарстай ам" дахь Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд өнөөдөр эхлэнэ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд  Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцох аж. Төв, орон нутгийн анги, байгууллагын 14 баг, алба хаагчид өрсөлдөх тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх юм байна.

Уг тэмцээнийг зохион байгуулснаар улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох дотоодын цэргийн үндсэн чиг үүрэгг ойртуулан, алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, бүлгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлдэг аж.

Тэмцээнд анги, байгууллагуудад явагдсан эхний шатны тэмцээнээс шалгарсан бүлгүүд оролцож, 10 км марш үйлдэхдээ автомашин жолоодох ур чадвар, зөрчигч этгээдийн мөрийг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хамгаалалтад авах, тактикийн буудлага хийнэ. Мөн саадтай зурвас, хордсон газар орныг туулах, шалган нэвтрүүлэх ажиллагаа, нормативын бэлтгэл, албаны нохойн дасгал, гардан тулааны үзүүлбэр, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар зэрэг төрлүүдээр өрсөлдөх юм байна.

Байр эзэлсэн бүлэг, алба хаагчдыг Шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, хамтран ажилладаг байгууллагын шагналаар шагнаж урамшуулах ажээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин