Д.Гансүх: Шүүхийн шинэчлэл нь цаг үеэ олсон, зөв шийдвэр болсон
2013-09-25

Шүүхийн салбарт хийгдэж буй шинэчлэл болон шүүгч нарын ажлын ачааллын талаар Төв аймгийн шүүхийн шүүгч Д.Гансүхтэй ярилцлаа.  

.

-Та шүүхийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Одоогийн хийж буй шүүхийн шинэчлэл цагаа олсон гэж бодож байна уу?

-Миний хувьд шүүхийн байгуулагад 32 дахь жилдээ ажиллаж байна. Шүүхийн салбар ер нь цаг үе өнгөрөх тутамд л шинэчлэгдсээр ирсэн. Анх намайг 1981 онд МУИС-ийн хуулийн анги төгсөөд Сүхбаатар аймагт шүүгчээр очиж байсан буюу шүүх дотроо нэг бичээч, ганц бичгийн машинтай байх цаг үеэс шинэчлэлүүдийг хийсээр энэ зэрэгт хүрсэн. Энэ удаагийн хийж буй Шүүхийн шинэчлэл цаг үеэ олсон, зөв шийдвэр болсон. Шүүхийн тухай хуулиудад болон шүүгч нарын асуудалд дорвитой шинэчлэл хийх цаг нь болсон байсан. Үүнээс шүүхийн багц хуулиудыг өөрчлөн баталж байгаа нь маш ач холбогдолтой юм.

.

-Шинэчлэлээр шүүгч нарын цалин нэмэгдэж байгаа. Энэ талаар та ахмад шүүгчийн хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-2013 оны 04 сарын 15-наас дагаж мөрдсөн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-аар Шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн, эдийн засгийн болон нийгмийн хамгаалалтын баталгааг хуульчилж өгсөн. Энэ нь шүүхийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтооход чухал явдал болсон гэж үзэж байгаа. Шүүгч нарын эдийн засгийн нэгэн баталгаа болох цалинг зохистой тогтоох нь энэ цагийн шаардлагад нийцэж байгаа юм. Ер нь цалинг нь нэмсэнээр төр шүүгч бидэнд итгэл, хариуцлага хүлээлгэж байгаагийн илрэл.

.

-Шүүгч нарын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллахад хүрэлцээтэй, баталгаатай байна гэж хуульчилсан байдаг. Тэгвэл нэмэгдэж буй цалин амьдралд чинь хүрэлцээтэй байж чадах уу?

-Шүүгч нарын цалинг нэмж буй асуудлыг шүүгчийн ажил амьдрал, жаргал зовлон, нарийн төвөгтэй байдлыг ойлгодог бүх л хүн дэмжиж байгаа. Энэ бол шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ёстой байсан зүйлийн нэг. УИХ-аас цалингийн хэмжээг өмнөхөөс нь бууруулж болохгүй гэсэн үндэслэлээр одоо тогтоосон хэмжээг баталсан. Миний хувьд одоогийн тогтоосон энэ байдлаар батлах нь зүйтэй. Цаашид зохих хэмжээгээр үнэлэлт, дүгнэлт өгч, ур чадвар, арга зүй туршлагаас хамаараад цалинг нь нэмэх тогтолцоо үйлчилнэ шүү дээ. Одоогийн баталсан дүн нь нийгмийн шаардлагыг харгалзан үзсэн болохоор боломжийн, хүрэлцээтэй гэж бодож байна.

Ямартай ч шүүгч нарын эдийн засгийн байдал өмнөхөөс дээрдэж байгаа нь байгууллага дотор явуулсан судалгаанаас харагдаж байна.

.

-Шүүгч нарын амьдралыг боломжийг судалсан гэсэн үг үү. Ингэхэд танай шүүх хэдэн шүүгчтэй вэ?

-Манай аймагт чинь гурван шатны дөрвөн шүүх үйл ажиллагаа явуулдаг. Сум дундын нэг, хоёрдугаар шүүх, давж заалдах шатны болон захиргааны хэргийн гээд. Эдгээр шүүхэд нийт 14 шүүгч ажилладаг. Тэднийхээ дунд судалгаа явуулахад хоёр нь монгол гэрт, 12 нь байшин, орон сууцанд амьдарч байна.

.

-Шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг бөглөж байгаа. Та бөглөж байна уу, ер нь шүүгч нарт нөлөөлөх гэсэн тохиолдол хэр байдаг вэ?

-Би нөлөөллийн мэдүүлэг бөглөж байгаа. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж нийгмийн буюу хэрэгт оролцогчдын сэтгэлзүйд нөлөөлж чадаж байгаа. Шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого байлгүй яахав. Гэхдээ бидэнд түүнд автсан зүйл байдаггүй. Жишээлбэл, Шүүгчид нөлөөлөхийн тулд цалин хөлс, амьдрал ахуйг нь судлана. Тийм болохоор хэдий тэр шүүгч нөлөөлөх оролдлогыг хүлээж авахгүй ч гэсэн нөлөөлөлд автахааргүй цалин хөлстэй байх хэрэгтэй.

.

-Хөдөө орон нутгийн шүүгчдийн ажлын ачаалал хэр байдаг вэ. Таны хувьд жилд хэдэн хэрэг шийдвэрлэж байна вэ?

-Бидний ажиллаж байгаа хэргийн тоо бол нийслэл дүүргийн шүүгчдийнхээс цөөн. Гэхдээ иргэний, захиргааны гэх зэргээр төрөлждөггүй нэг шүүгч бүх төрлийн хэрэг дээр ажилладаг. Мөн сум, багт хүрч ажиллах, нотлох баримтыг шалгах, хэрэгт холбоотой хүмүүсийг дуудаж ирүүлэхэд цаг хугацаа их зарцуулдаг. Миний хувьд давж заалдах шатны шүүгч болохоор цөөхөн хэрэг шийднэ. Ер нь жилийн дүнгээр давж заалдах шатны шүүгч нар эрүү, иргэн нийлсэн 100 гаруй хэрэг шийддэг.

.

-Шүүгч нар ойр дотныхоо хүний холбогдох хэргийг шүүх болвол ямар нэгэн зохицуулалт байдаг уу?

-Байлгүй яахав. Шүүгч ах дүү, ойр төрлийн хүмүүсийнхээ оролцсон хэргийг шүү болсон тохиолдолд өөрөө татгалзах зохицуулалт хуулинд байдаг. Ер нь ах дүү найз нөхдийнхөө хэргийг хөнгөвчлөх боломж шүүгчид байхгүй. Бүх зүйлийг хуулийн дагуу шийдэх ёстой.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
сайхнаа:
Сайхан хуцах юм даа энэ Гансүх
2013-09-26