Цагаачдыг тээвэрлэж явсан усан онгоц сүйрчээ
2013-10-04

Африкийн цагаачдыг Европ руу зөөвөрлөж байсан усан онгоц Италийн Лампедуса арлын ойролцоо живж, тэнд байсан 130-аад хүн амиа алдлаа хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Италийн эргийн “BOYZ” багийн ахлагч мэдэгдэхдээ, 130 хүний цогцсыг гаргаж ирсэн, 150 гаруй хүнийг аварч, тусламж үзүүлж байна гэжээ. Амиа алдсан иргэдийн ихэнх нь Сомала улсаас ирсэн цагаачид байжээ. Амьд гарсан цагаачдын нэг Махараны ярьсанаар усан онгоц хүчтэй зүйл гэнэт мөргөж зогссон, түр зогсолт авсны дараагаар дахин хөдлөхөд, доороос ус орж эхэлсэн. Айж сандарсан зорчигчид далай руу бөөнөөрөө үсэрсэн учраас ийм олон хүн амиа алдлаа гэжээ. Өөр хэсэг иргэд дэргэдүүр өнгөрөх усан онгоц, завинуудын анхаарлыг татахаар утаа гаргахыг оролдоод гал тавьж байдлыг улам дордуулсан. Галаас зугтааж нэг тал руугаа олноороо бөөгнөрснөөс болж усан онгоц хажуу тийшээ хөмөрсөн гэнэ.

Италийн Дотоод хэргийн сайд Ангелина Алфоногийн хэлснээр, усан онгоц Ливийн Мисратагаас хөдөлсөн бөгөөд мотор нь зогссоны дараагаас ус нэвтэрч эхэлсэн нь хүмүүсийг сандаргаж эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тэдгээр цагаачдын олонх нь сэлж чаддаггүй байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин