Төрийн мөнгөний бодлого амьдралд нийцэж байна уу
2013-10-09

Ирэх 2014 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Гишүүд Монголбанкнаас оруулж ирсэн энэ төсөлд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 :

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-2014 оны эцэс гэхэд ДНБ 14.5 хувиар өсөхөөр таамаглаж байна. Үүнээс 9.5 хувийг нь Оюутолгойн экспорт эзэлж байна. Оюутолгой гуравдугаар улиралд 36 сая тонн зэс, 3.3 тонн алт, 8.8 мөнгө гаргахаар төлөвлөсөн байна. Ингээд бодохоор ДНБ-ний 9.5 хувийг Оюутолгой эзэлнэ гэдэг нь бодит байдалтай таарахгүй байна. Энэ бол хөөсрөлтэй тооцоо байна. Яагаад гэвэл Оюутолгойгоос олборлосон баялгийн валют Монгол Улсад эргээд орж ирэхгүй. Арилжааны банкуудаар дамжихгүй, гадаадын банкинд байршина. Оюутолгойн гэрээ байгуулахаас 40 хоногийн өмнөөс ААНОАТ-т өөрчлөлт оруулж, 2018 он хүртэл татвараас 100 хувь чөлөөлөхөөр болсон. Оюутолгойн экспортыг ДНБ-д тусгаж байгаа нь хөөстэй тоо байна. Цаасан дээр сайхан тоо гарчихаад, амьдрал дээр эдийн засаг өсөхгүй байна.

 :

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Өнөөдөр бид 2014 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Тиймээс өмнөх жилүүдийн мөнгөний бодлогыг сануулах нь зүйтэй болов уу. Өмнө жилүүдэд Төв банк эдийн засгаас мөнгө татах замаар инфляцийг удирдаж болно гэдэг бодлоготой боллоо. 2012 онд шинэ парламент бүрдээд Монголбанкны шинэ удирдлага зөв бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг тойргийн сонгогчидтой уулзах бүрт хэлж байдаг зээлийн асуудлыг шийдсэн. Энэ нь 2013 оны мөнгөний бодлогод сууж өгсөн. Энэ бодлого хэрэгжээд жил ч болоогүй байна. Бодит секторийг идэвхжүүлсний дүнд инфляцийн нам дор байх түвшин тодорхой хэмжээгээр хангагдсан. Үүнийг л бид хүсэж байсан. Энэ нь ирэх онд үргэлжлэх юм байна. Үүн дотроо уул уурхайн бус олонхийг бүрдүүлж байдаг,  эдийн засгийг солонгоруулъя гээд байдаг мөнгөний бодлого орж ирлээ гэж би ойлгож байна. Үүнийгээ харин зөв томъёолоод, ажил эрхлэлт, эдийн засгийн оролцоотой өсөлтийг онилдог энэ загвар агуулгаараа суулгасан байна. Ханшны огцом хөдөлгөөнд бидний ажилла гэсэн хэлсэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажиллаагүй. Зөвхөн Монголбанкийг үлдээсэн байна лээ. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институци Засгийн газар хоорондын уялдаа тааруу байна. Энэ уялдааг бий болгохын тулд санамж бичиг боловсруулах хэрэгтэй.

 :

УИХ-ын гишүүн Г.Батхүү:

-Бид бодлого хэрэгжүүлээд үр дүнг нь үзэж чадаагүй байж эсэргүүцэж болохгүй. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого үр дүнд хүрч байгаа гэж бодож байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх, бизнес хийгээд олсон ашгаараа амьдрах бололцоог бий болгож байна. Ажил хариуцсан хүмүүс  зарим шатанд хариуцлагагүй ажилласан байх. Шалгалтын үр дүнг харах ёстой. Засгийн газар, Монголбанкны харилцаа, бондын мөнгө ямар шалгуураар орж байгааг УИХ анхаарах ёстой. Өнөөдөр замын компаниудыг харж байхад дандаа Монголын компаниудын нэрээр шалгарсан Хятадын компаниуд гүйцэтгэж байна. Төрөөс гаргаж өгсөн бондын мөнгөөр Хятадын 100 хувийн ажилчидтай, тоног төхөөрөмжтэй компани орж ирж гүйцэтгэчихээд яваад өгч байна. Монгол хүний хэтэвчинд орж байгаа зүйл алга. Монголын хөрсөнд суурьшиж байгаа технологи алга. Монгол ажилтнууд мэргэшсэн зүйл ч алга. Үүнийг харгалзах хэрэгтэй байх мөнгөний бодлого хэлэлцэхэд.

 :

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Валютын ханш өсч, хөрөнгө оруулалт гадагшиллаа. Үүнтэй холбогдуулан явуулах бодлогыг нухацтай хэлэлцэх хэрэгтэй. Дундаж давхрагыг дэмжсэн 7-9 хувийн хүүтэй орон сууцны зээлээ үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй. Одоогоор 40 мянган өрх энэ зээлийн үр дүнд орон сууцанд хамрагджээ. Цаашлаад ч айл өрхүүд орон сууцанд хамрагдсаар байх биз ээ.  Энэ бодлогоо 4-5 жил тууштай явуулаасай гэж бодож байна.  Нөгөө талаар манай компаниуд өндөр хүүтэй зээлээр явж байна. Банк бус санхүүгийн байгууллагууд өгсөн зээлээ 1-1.5 жилийн дотор хөөцөлдөж авдаг. Бид энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

 :

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах харилцан ойлголцлын санамж бичиг гэж юу юм бэ. Энэ хууль ёсны бичиг баримт мөн үү. Үүнээс хүссэн үр дүн гарах уу. Төгрөгийн гадаад валюттай харилцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдаж байж уян хатан нөхцөл баримтална гэж байна. Үүнийг тодорхой хэлж болдоггүй юм уу. Энэ бөөрөнхий санал байж болохгүй болов уу. Бондын мөнгөөр зам тавих, уулзвар тавих нь сайн зүйл биш. Эргээд нөхөгдөхгүй.

 .

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд  Ц.Баярсайхан:

-Мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ бодит амьдралд хэрхэн уялдсан, хувийн секторт ямар байдлаар нөлөөлөх вэ гэдгийг олон жил хэлэлцэж байна. Гадна дотноос хэрхэн мөнгө босгохыг мөнгөний бодлогоор дамжуулж байсан удаа бий. Харин энэ мөнгөний бодлого бодитой хөрсөн дээр бууж, аж ахуйн нэгжүүдийн хүссэн хэмжээнд  дөхөж ирэв үү гэж бодож байна. Инфляци гэдэг бол өндөр орлоготой хүмүүст бус  бага орлоготой хүмүүст хамгийн хамааралтай. Өмнө нь явж ирсэн зарчим бол мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлдэг. Арилжааны банкууд Монголбанк, Засгийн газрын үнэт цаасыг худалдаж аваад, мөнгө гаргадаггүй байсан.  Ингээд иргэд арилжааны банкнаас зээлийн эрэлд гардаг байсан. Гэтэл зүүн өмнөд Азийн орнууд 2009, 2010 оны  хямралаар эдийн засгаа тэлж, хувийн хэвшил рүүгээ мөнгө гаргаж, бодлогын хүүгээ тэглэсэн. Ийм эдийн засагт эргэлдэж хямралыг даван туулсан дэлхийн жишиг байсан учраас Монголбанк Засгийн газартай нягт хамтран ажиллаж, зөв бодлого явуулжээ.  Цаашдаа бид улс төржихөөсөө илүү хүрсэн төвшин зөв байна уу гэдэг бодлогоо харж ажиллах ёстой юм. Бид амьдралыг бодитой харах цаг болсон. Аль юм болгоныг улс төржүүлэх вэ. Цаашдаа эдийн засаг сайжирна. Ер нь УИХ амьдралыг бодитой харж явах хэрэгтэй. Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй зээл иргэдэд маш хариуцлага өгч байгаа. Энэ бол халамжийн бодлого биш. Өөрөөсөө гарах бүхий л арга хэмжээгээ авч ажиллаж байгаа. Эхний ээлжинд зээл авсан хүмүүс маань зээлийн дарамтнаас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөж байна. Ипотекийн зээл авсан иргэд 150-650 мянга төгрөгийг сард төлөх хэмжээнээсээ чөлөөлөгдөж байна. Бид цааш дэмжиж, дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Барилгын үнэ дээр хөөс бий. Үнийг бодитой болгох хэрэгтэй. 80 ортой цэцэрлэгийн барилга нэг газар 300 сая төгрөг байхад нөгөө хэсэгт 600 сая, дараагийн газар 1.5 тэрбум хүрч байх жишээтэй. Энэ нь байршил, зураг төсөвтэй холбоотой. Үнэ хөөстэй байгаа нь бодитой зохицуулах нь зүйтэй юм.

 .

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд  М.Сономпил:

-Мөнгөний бодлого дээр улс төржихгүй байвал сайн байна. Монголбанкнаас Засгийн газар зээл аваагүй. Монголбанктай Засгийн газар хамтраад үнэ тогторжуулахаар аж ахуйн байгууллагад хөнгөлөлттэй  зээл олгосон. Барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт зээл олгосон байгаа. Арилжааны банкны зээл жилийн 15-20, Монгол банкных 3.5-4 хувийн хүүтэй байгаа. Эрчим хүчний салбар 80 тэрбум төгрөгийн зээл авсан. Урьд нь манай салбар төсвийн зээл авдаг байсан. Эсвэл арилжааны банкуудаас авдаг байсан. Өмнө нь арилжааны банкуудаас зээл аваад хүү төлдөг байсан. Эрчим  хүчний салбар 70 орчим тэрбумын алдагдалтай байгаа. Энэ алдагдаа нөхөхийн тулд  эрчим хүч, дулааны үнийг бараг нэг дахин нэмэхээр байсан. Гэхдээ нэмээгүй байгаа. Дулааны үнийг аж ахуйн байгууллага дээр нэмээгүй. Айл өрх дээр суурь хураамжийн мөнгө л тавьсан. Тиймээс мөнгөний бодлогыг хаалттай горимоор нухацтай хэлэлцэх асуудал юм.

 .

УИХ-ын гишүүн, Уул уурхайн  Д.Ганхуяг:

 -Эдийн засгийн байдлыг янз янзаар үнэлж байна. Гадаад, дотоод  хүчин зүйл ч байна. Аливаа салбарын ашиг буурахаар хөрөнгө оруулалт буурдаг нийтлэг хандлага байдаг. Дотоод хүчин зүйл дээр баталсан хуулиуд нөлөөлж байгаа юм. Өмнө нь нүүрс 100 орчим ам.доллар байхад тээврийн зардал 25 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 60 орчим ам.доллар 40 орчим хувийг эзэлж байна. Үүнийг бид зохицуулна. Хөнгөлөлттэй зээл аль ч улсад байдаг. Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны хүрээнд ч олгох ёстой гэж бодож байна.

 .

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин